АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энх тайвны зөвлөл”-д Монгол Улс нэгдлээ. Өнөөдөр буюу пүрэв гарагт Дэлхийн эдийн засгийн чуулганд хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байгуулсан “Энх тайвны зөвлөл”-д 19 орны удирдагчид болон төлөөлөгчидтэй нэгдэн гарын үсэг зурах ёслол зохион байгууллаа.
Швейцарын Давос хотноо үргэлжилж буй Эдийн Засгийн Форумын үеэр тус зөвлөлийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улс гишүүн орноор нэгдсэнийг батлах баримт бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гарын үсэг зурав.
Энх тайвны Зөвлөл нь дэлхийн геополитикийн тогтвортой байдлыг дэмжин ажиллах болохыг онцолсон ч АНУ-ын гол холбоотон орнууд энэ тал дээр хуваагдмал байр суурьтай байгаа юм.
Тус зөвлөл нь анх Газын зурваст Израиль болон Хамасын хооронд үргэлжилж буй дайныг зогсооход тусалж, сэргээн босголтыг хянах зорилготой байсан.
Гэвч зөвлөлийн санал болгож буй дүрэмд Газын зурвас болон Палестины нутаг дэвсгэрийн талаар нэг ч дурдаагүй байсан бөгөөд НҮБ-ын зарим үүргийг орлох зорилготой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Трамп өөрөө зөвлөлийн даргаар ажиллах аж.
Трампын байгуулсан “Энх тайвны зөвлөл”-д нэгдсэн улсууд:
Канад, Их Британи, БНХАУ зэрэг улсууд уригдсан ч хараахан хариу өгөөгүй байна. Тэд үүн дээр анхаарал, болгоомжтой хандаж буй бололтой. Харин Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ Путин түүний урилгыг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
Франц улсын хувьд Ерөнхийлөгч Макрон даваа гарагт энэхүү зөвлөлд нэгдэхээс татгалзсаны дараа Трамп тус улсын дарсанд 200 хувийн татвар ноогдуулна гэж заналхийлсэн юм. Мөн хэдхэн хоногийн өмнө Трамп Гринланд арлын эзэмшлийг шилжүүлэх асуудалд Дани улсыг дэмжиж буй Европын орнуудын бараа бүтээгдэхүүнд хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 10 хувийн импортын татвар ногдуулахаа мэдэгдсэн юм.
Зөвлөлийн баримт бичигт дурдсанаар гишүүн орон бүрд гурван жилийн хугацаа олгох бөгөөд нэг тэрбум ам.доллар хандивласан улсад байнгын суудал олгох юм байна. Манай улсын хувьд үүнд ямар нэг санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр өөрийн боломж, сонирхолд нийцүүлэн оролцно хэмээн Монгол Улсын Засгийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх