Гадна температур -40 зааж монголын эрчим хүчний салбар үнэн төрхөө харуулав. Ийм ч хүн байгаагүй юм. Ийм болгосон хүн нь би байна гэж агуу Р.Чойномын шүлгийн хэсэг шиг эрчим хүчний салбарыг -40 градусын хүйтэнд тэсэхээргүй болтол нь доройтуулсан шалтгаан нь төр. Хий хоосон популизм өнөөдрийн хөлдүү Улаанбаатарыг бий болгосон. Энэ салбарыг анхнаас нь төр мэднэ гэж попорч үнэ хатуу барьж үхүүлчихгүйхэн шиг амьсгаатай явуулж ирсэн нь хэнд ч ил үнэн юм. Төрд өмч байхаар яаж доройтож туйлдаа хүрдэг гэдгийг 43 жил шинэчлэл хийгээгүй IV цахилгаан станцын жишээ дахиад л харуулж байна. Ерөнхий инженер нь үнэхээр ачааллаа дийлэхгүй байгаа. Тийм учраас зуухаа шинэчилье гээд найман жил гуйж байна гээд хэлээд зогсож байдаг. Харин нөгөө талд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэмтэл гарсан дахиад цахилгаан хязгаарлана. Би ажиллах хугацаандаа эрчим хүчний чадавхыг 500 гаруй мвт-аар нэмсэн гээд пээдийж зогсоно. Нэг л буруу байгаа биз. Чадаад хийхгүй байгаа биш чадахгүйдээ, мэдэхгүйдээ хариуцсан салбараа хангалттай авч явж чаддаггүй сайд нарыг өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд бид харлаа. МАН-ын ч сайдын суудлыг бэлэг болгон өгдөг байдал нь байдаг л үзэгдэл болж, тэр сайд болж байгаа хүмүүс нь анх хэдэн тэрбумаар нь иддэг байсан бол одоо их наяд руу дөхөж эрх мэдлээ ашиглан өөрийн бизнесийг өргөжүүлсээр байна. Энэ ганцхан Б.Чойжилсүрэнгийн жишээ биш. Одоогийн засгийн газарт байгаа дийлэнх сайд нараас тухайн салбараа хариуцсан яг мэргэжлийн хүмүүс байхгүй. Ер нь дийлэнх томилгоо ийм байдлаар явж ирсээр энэ улсад болдог салбар үгүй болж хаа сайгүй асуудал ундарсаар. Зүйрлэж хэлбэл яг л готам шиг болон хувирч байна. Том том дуугарч иргэдээ дорд үзсэн дарга нар, тэдний цүнхийг барьж дараагийн дүрд хувирах гэсэн дүү нар нь, өөрийн бизнесийн эрх ашгийг хамгаалахын тулд аль нэг намыг мөнгөөр угжиж ордонд суух эрхээ авсан хүмүүс. Систем нь нэг л буруу байгаад байна.
Улс төр угаасаа л ийм байдаг, ийм байсаар ирсэн гэж бодох хүмүүс байж магадгүй. Гэхдээ яг ийм загварын улс төр аль хэдэн зуун жилийн өмнө дуусчихсан гэдгийг санаарай.
Бид одоо аргалдаг дарга, сайд нарт боломж олгоод хараад суудаг баймааргүй байна. Шийдэл олдог түүнийгээ хэрэгжүүлдэг, салбараа ойлгодог хүмүүсийг хармаар байна. Үнэхээр хаа хаанаа болохоо байж ирж байна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар та ойлгоогүй бол ойлгож нүдээрээ нэг хармаар байна.
Нийгмийн захиалгыг мэдэрч Ардчилсан нам Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах санал гаргажээ. Зөв үед нь зөв хөдөлж байгаа улс төрийн акц. Гэхдээ Б.Чойжилсүрэн уналаа гээд оронд нь өөр нэг Б.Чойжилсүрэн орж ирэхийг зүгээр хараад сууж болохгүй гэдгийг Ардчилсан намынхан мэдэж байгаа байлгүй дээ.
Улаанбаатар харанхуйд автаж байгаа эдгээр өдрүүдэд Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцар улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байгаа. Г.Занданшатар монголд буух өдөр Засгийн газарт ямар нэгэн хөдөлгөөн орох нь тодорхой болж байх шиг байна. Б.Чойжилсүрэнгээ солих нь уу эсвэл Т.Доржхандаар туг тахиад өнгөрөх нь үү. Ямартай ч хөдөлгөөн орох байх. Энэ хэвээр үргэлжилбэл түүний өөрийнх нь холын зорилгод ч халтай. Аргалсаар ирсэн Б.Чойжилсүрэн сайд маань энэ удаад аргалж чадах нь уу харж л байя даа.
Сэтгэгдэл үлдээх