2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан ачааны машин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч дэлбэрэлт үүсэн, их хэмжээний хохирол учирсан байдаг. Энэхүү осол гарснаас хойш даруй хоёр жил өнгөрчээ. Тус дэлбэрэлтийн үеэр долоон иргэн амиа алдаж, 35 хүн бэртсэн ба 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.
Өнөөдөр буюу баасан гарагт дэлбэрэлтэд өртсөн иргэд болон амиа алдсан хохирогчдын гэр бүлийн төлөөллүүд мэдээлэл хийлээ. Осол гарснаас хойш хэдийнээ хоёр жилд өнгөрсөн байхад төр засгаас хохирол барагдуулах байтугай нэг ч удаа уучлалт гуйгаагүй хэмээн амиа алдсан 19 настай хүүгийн ээж Н.Сарантуяа мэдээллээ. Мөн Үндсэн хуульд заасны дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөний улмаас хайртай дотнын хүмүүсээ алдсан иргэд өдийг хүртэл сэтгэл зүй болон эд хөрөнгөөрөө хохирсон ч төр засаг үүнийг үл ойшоож байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.
Эдгээр төлөөллүүд энэ хугацаанд төрийн өндөрлөгүүдэд удаа дараа уулзах хүсэлт хүргүүлсэн ч авч хэлэлцээгүй байна. Иймд тэд дахин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Н.Учрал нарт уулзах хүсэлт хүргүүлж байна. Хүсэлтийн хариуг нэгдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ирүүлэхийг шаардлаа.
Амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх зул өргөх ёслол өнөөдөр буюу баасан гарагт төв талбайд болно.
Сэтгэгдэл үлдээх