Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өчигдөр "Дэлхийн эдийн засгийн чуулган"-д оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар “Энх тайвны зөвлөл”-д үүсгэн байгуулагч 19 орны нэгээр гарын үсэг зуран нэгдсэн билээ.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар ийнхүү хэллээ.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Энэ олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд энх тайван дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудын санаачилга, яриа хэлэлцээ, зөвлөлдөх механизмыг дэмжиж ирсэн уламжлалтай.
Ийм учраас яриа хэлэлцээний, зөвлөлдөх замаар бүс нутагт энх тайвныг тогтоох аливаа үйлсэд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Зөрчил, мөргөлдөөнд нэрвэгдсэн улс орнуудын хүрээнд хууль ёсны засаглалыг сэргээх, бүтээн байгуулах, сэргээн босгох дэлхий нийтийн санаачилгад нэгдэж орж байна гэдэг бол бүс нутгийн төдийгүй дэлхийн олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэхэд идэвхтэй байр суурь баримтлах нь зүйтэй гэсэн зарчим чиглэлтэй байна.
Энэ маань цаашид олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Дэлхийд энх тайвныг тогтооход идэвхтэй байр суурь баримталж байгаа нь гадаад бодлого, эдийн засаг, хамтын ажиллагаанд ч тодорхой үр өгөөжтэй байх зарчимтай, дэлхий нийтийн энх тайвны төлөөх үйлс хэрэгт хувь нэмрээ оруулж байх нь манай гадаад бодлогын чиглэл мөн. Энэ хүрээнд бид аливаа үүрэг хариуцлага хүлээхгүйгээр, тодорхой агуулга, яриа хэлэлцээний хүрээнд энэ санаачилгад нэгдэн орсон.
Эх сурвалж: Блүүмберг телевиз
Сэтгэгдэл үлдээх