Энэ сарын 15-21-нд Сибирийн хүйтэн агаар монгол орны нийт нутгаар цөмрөн орж, хүйтний эрч эрс чангарлаа.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас манай улсын хамгийн хүйтэн хэсэг Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө -50, өдөртөө -40 градус хүртэл хүйтэрсэн хэмээн мэдээлсэн билээ.
Улаанбаатар хотод гадаа хонуулсан машин өглөө нь хөлдөж, дуудлагаар асаах үйлчилгээ идэвжиж байв. Тэгвэл Монгол орны дөрвөн зүг найман зовхист уламжлалт мал аж ахуй эрхлэн байгаль цаг уурын хүйтэн ширүүнийг халуун гар, уйгагүй хөдөлмөрөөр аргадан туулдаг малчид юу туулсныг таахад бэрх.

Увс аймгийн Завхан сумын Цаг уурын өртөөний дарга С.Норжинжав: Хамгийн хүйтэн үе 19-ний шөнө агаарын температур цельсийн -37, хөрсний температур -39.1 градус хүрсэн. Аймгийн хэмжээнд хамгийн хүйтэндээ Зүүнговь суманд -47, -48 хүрсэн. Манай өртөөний хувьд долоо хоног тутам болон сар тутам малчдад фэйсбүүк, гар утас болон цаасаар тус тус урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажиллалаа.

Завхан аймгийн ОБГ-ын Сургалт хариуцсан мэргэжилтэн, ахмад Ц.Ням-Очир: Манай аймагт хүйтний оргил үе нь 17-18-ны шөнө Тэс суманд -52 градус, Баянтэс суманд -51 градус, Цэцэн-Уул суманд -48 градус Отгон сумагд -45 градус хүрсэн.

Энэ хүндхэн цагийг орон даяар хэр хүндрэл бэрхшээлтэй давсан талаар тодорхой мэдээлэл авахаар ОБЕГ-ын хэвлэл мэдээлэл харицсан албан хаагчтай холбогдсон ч "Зүгээр л хүйтэрсэн ш дээ, өөр яах юм? Малчид зүгээр л байгаа ш дээ" гэх хариу авлаа.
Харин бодит байдал дээр Завхан аймгийн онцгой байдлын газарт л гэхэд аюулт үзэгдлийн хоёр ч дуудлага бүртгэгдсэн байна.
Мөн малчид дараах байдлаар хариулав.

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Малчин З.Давааням:
Миний мэдэхийн сүүлийн 7, 8 жил байгаагүй хүйтэн байлаа. Бага мал бээрээд, нам зогсох хэмжээний байсан учраас хотлуулж, өвс тэжээлээ өгөөд, бэлчээрт огт гаргаагүй. Бүдүүн, том малаа 2-3 цаг өөрөөр нь бэлчүүлээд, буцаагаад хотлуулж байсан. Цас багатай, өвс тэжээлээ бэлдсэн тулдаа хорогдолгүй давлаа. Одоо бол хүйтний эрч овоо суларч, гайгүй болоод байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын Аварга малчин Н.Баасансүрэн:
Бэлчээрт гарсан мал 1-2 цагийн дараа өөрсдөө эргэж ирээд байсан. Бага мал бээрээд, явж чадахгүй байдалтай байлаа. Хашаандаа өвс тавьж өгөөд, гэртээ оруулж, халуун хар цай өгөх зэргээр тордож байсан. Цөөхөн хоног хүйтэрч, бэлтгэл сайн тулдаа эндэлгүй давсан.
Зарим орон нутаг аюул эрсдэлээс сэргийлэх ямар арга хэмжээ авсан талаар ийнхүү мэдээллээ.

Завхан аймгийн ОБГ: Урьдчилан сэргийлэх чиглэлээр Ус цаг уур орчны шинжилгээний төвтэй хамтран 24 сумын 7416 иргэнд багц мессежээр сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэсэн. Мөн байгууллагын цахим хуудсуудаар дамжуулан сэрэмжлүүлэг, мэдээлэл, видео бичлэгийг давхардсан тоогоор 205.450 иргэнд түгээн ажиллалаа.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун: Цас шуурч, авто замын зорчих хэсэг боогдож байгааг чөлөөлөх чиглэл өгсний дагуу Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 265-272км зорчих хэсэгт үүссэн цасан хунгарыг автогрейдерээр хусч, зам чөлөөлсөн.
Одоогоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Б.Нямжав орон нутгуудаар ажиллаж, өвөлжөөтэй танилцаж яваа ч дээр дурдсан цаг агаарын хүндрэлтэй нөхцөлийг хэрхэн давсан, малын элэгдэл хорогдол байсан эсэх талаар мэдээлээгүй байна.
Манай улс 3.544.835(гурван сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин таван) хүн амтай. Засаг захиргааны нэгжээр 21 аймаг, 330 сум, нэг нийслэл, 9 дүүрэгт хуваагдсан оршин сууж байна. Бид 1.564.000 (нэг сая таван зуун жаран дөрвөн мянган) хавтгай дөрвөлжин километр газар нутагт тархан суух эрхтэй ч дийлэнх буюу 1.7 сая орчим нь нийт газар нутгийн нэг хүрэхгүй хувь буюу нийслэл Улаанбаатарт төвлөрчээ.
Гэтэл өргөн уудам нутгийнхаа "жинхэнэ" эзэд болсон аймаг, сумдаар орчин сууж буй иргэд, тэр дундаа малчин олон минь энэ улсын хүнс, аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг нуруундаа үүрч явааа тул бүхий цаг үед хайхран үзэж, хэрхэн аж төрж, аюул эрсдэлийн даван буй талаараа харилцан мэдээлж байх учиртай билээ.
Сэтгэгдэл үлдээх