Давос бол жил тутмын дэлхийн улс төр, эдийн засгийн гол арга хэмжээнүүдийн нэг Дэлхийн эдийн засгийн форумыг 1971 оноос хойш зохион байгуулж байгаа хот. Дэлхий нийтийн анхаарал жил бүрийн нэгдүгээр сард 10,000 гаруйхан хүнтэй энэ жижигхэн хотод төвлөрдөг. Энэ өдрүүдэд дэлхийн улс орнуудын удирдагчид, бизнесийн төлөөллүүд, судлаачид энд чуулдаг.
Харин энэ онд магадгүй Дэлхийн эдийн засгийн форумын талаарх мэдээ, мэдээллийг мартагдуулсан нэгэн үйл явдал Давост тохиосон нь “Энхийн зөвлөл” байгуулагдсан үйл явдал байлаа. Харин энэ үйл явдал бидэнд хамаатах болсон гол шалтгаан нь Монгол Улс энэ байгууллагын дүрэмд гарын үсэг зурсан анхны 17 улсын нэг болсон явдал байв.
“Энхийн зөвлөл” хэрхэн байгуулагдсан бэ
“Энхийн зөвлөл” байгуулах тухай санааг 2025 оны есдүгээр сарын сүүлээр буюу одоогоос дөрвөн сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Трамп илэрхийлсэн. Анх санаачлах болсон шалтгаан нь 2023 оноос хойш үргэлжилж буй Израил-Хамасын дайн. Гурван жил орчим үргэлжилж, олон мянган хүний аминд хүрсэн тус дайныг зогсоохын тулд олон улсын хамтын бүтцийг бий болгох нь Трампын санаа. Үүнийгээ “Энхийн зөвлөл” гэж нэрлэсэн.
Трампын санааг Израил, Хамас аль аль зарчмын хувьд дэмжээд зогсохгүй 2025 оны 11 дүгээр сарын 27-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2803 тоот тогтоол баталж “Энхийн зөвлөл” байгуулахыг дэмжснээр тус зөвлөл НҮБ-ын мандаттай болсон.
Харин 2025 оны 10 сарын 12-нд буюу Израил-Хамасын энхийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хоёр хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Газын зурваст дайн дууссаныг зарлаж “Энхийн зөвлөл”-ийг нэн даруй байгуулахаа амласан.
Саяхныг хүртэл “Энхийн зөвлөл” гэх байгууллага байгуулагдах эсэхт эргэлзэх хүн олон байсан. Гэтэл НҮБ-ын Ойрхи дорнодын асуудал эрхэлсэн тусгай зохицуулагчаар ажиллаж байсан Николай Младенов “Энхийн зөвлөл”-ийг төлөөлөн Израилын Ерөнхий сайд, Палестины дэд Ерөнхийлөгчтэй уулзсан гэх мэдээллүүд гарах болсон.
Улмаар Газын энхийн хэлэлцээрийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхлэх үе буюу нэгдүгээр сарын 14-нөөс АНУ зарим орнуудад “Энхийн зөвлөл”-д нэгдэх урилга өгсөн гэх мэдээлэл гарснаас хойш тус зөвлөл Гүйцэтгэх зөвлөлөө томилж, Доналд Трамп өөрийгөө тус зөвлөлийн тэргүүн болохоо зарлаад зогсохгүй урилга авсан орнуудаас 25 нь нэгдэхээ илэрхийлж, 17 нь Давос хотноо дүрэмд гарын үсэг зураад байна.
“Энхийн зөвлөл” гэж юу вэ
“Энхийн зөвлөл” бол дээр дурдсанчлан АНУ-ын Ерөнхийлөгч Трампын санаачилсан олон улсын байгууллага.
Өнгөрсөн өдрүүдэд энэ байгууллагыг НҮБ-ыг орлох зорилготой гэх мэдээлэл цөөнгүй гарсан. Гэхдээ угтаа “Энхийн зөвлөл” бол НҮБ-ын мандаттай санаачлага. Доналд Трамп энэ санаачлага нь НҮБ-ыг орлож болох тухай ам нээсэн нь үнэн ч 80 жилийн түүхтэй, улс үндэстний тусгаар тогтнолыг хэмжих хэмжүүр болсон НҮБ-тэй “Энхийн зөвлөл”-ийг харьцуулах нь утгагүй зүйл.
The Guardian сэтгүүл “Энхийн зөвлөл”-ийг Газын зурвасын асуудлыг шийдэх олон улсын байгууллага биш Трампын санаачилсан төлбөртэй клуб гэж тодорхойлсон нь ч бий. Энэ нь мэдээж Трампын өмнө нь дурдсан тэрбум долларын төлбөрийн тогтолцоотой холбоотой.
Тэрбум доллар бол угтаа энэ байгууллагын байнгын гишүүдийн төлөх төлбөр. Монгол Улсыг оролцуулаад одоогоор тус байгууллагад нэгдэхээ илэрхийлээд байгаа 25 улс гурван жилийн хугацаанд тус байгууллагын гишүүн байна. Тэд ямар нэг төлбөрийн үүрэг хүлээхгүй. Цаашид гишүүн байх эсэх нь гурван жилийн дараа шийдэгдэх бөгөөд гагцхүү тус байгууллагад байнга үлдэх нэг нь л тэрбум доллар төлнө.
“Энхийн зөвлөл”д хэн байгаа вэ
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Энхийн зөвлөл”-д 60 гаруй улсыг урьсан гэх тойм тоо бий. Эдгээрээс 25 нь албан ёсоор нэгдэхээ илэрхийлсний дотор Ойрхи дорнод, Арабын хойгийн орнууд болон Турк, Индонези тэргүүтэй Ислам шашинт орнууд багтаж байна. Түүнээс гадна Төв Азиас Казахстан, Узбекистан, Зүүн өмнөд Азиас Вьетнам, Зүүн хойд Азиас Монгол, Европоос Унгар, Болгар, Беларус, Өмнөд Америкаас Аргентин, Парагвай гэх мэт орнууд багтжээ.
Урилга илгээсэн орнуудаас Франц, Герман, Их Британи тэргүүтэй Европын есөн улс нэгдэхгүй болохоо албан ёсоор зарласан бол Трамп Канадад өгсөн урилгаа эргүүлэн татаад байна.
Бидэнд мэдэгдэж буй урилга авсан 30 орчим улс хараахан шийдвэрээ зарлаагүй байгаагийн дотор бидний хоёр хөрш ОХУ, БНХАУ болон Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали зэрэг нөлөө бүхий гүрнүүд багтаж байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр ОХУ тус санаачлагад нэгдэхэд харьцангуй нааштай хандаж, цаашлаад тэрбум доллар өгөхөд ч бэлэн байгаа бол БНХАУ ямар нэг албаны байр суурь илэрхийлээгүй байна.
Тус зөвлөлд гишүүдээс гадна Гүйцэтгэх Зөвлөл бий. Гүйцэтгэх зөвлөлд нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рубио, АНУ-ын Ойрхи дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Уиткофф, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажая Банга, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нарын найман хүн багтана.
“Энхийн зөвлөл” ба Монгол Улс
“Энхийн зөвлөл” бол ямар нэг эвсэл холбоо биш. Тэр дундаа хэн нэгний эсрэг чиглэсэн бүтэц биш. Энх тайвны төлөөх санаачлага. Харин Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталдаг, түүгээрээ дэлхийд чамгүй танигдсан орон.
Биид Газын зурваст энх тайван тогтох ёстой гэдэг байр суурийг ч он удаан баримталсаар ирсэн Бид Израилтай ч, Палестинтай ч дипломат харилцаатай. Цаашлаад даян дэлхийн энх тайвны төлөө дуугардаг улс. Тиймээс “Энхийн зөвлөл”-д нэгдэх нь Монгол Улсын гадаад бодлогод харшлах зүйл биш.
Дээр дурдсанчлан бид энэ байгууллагад нэгдснээр ямар нэг санхүүгийн үүрэг хүлээхгүй. Хоёр хөрш ч, бүс нутаг дахь стратегийн түнш орнууд ч энэ байгууллагад уригдаад байна.
Харин олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг тэмүүлдэг эрмэлздэг Монгол Улсын хувьд энэ байгууллагын үүсгэн байгуулагч гишүүнээр нэгдсэн нь шинэ боломж нээхийг ч үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл үлдээх