Сар гаруйн өмнө Хятадууд Японд үлдсэн хоёр пандаг буцаан авах болсноо мэдэгдсэн. Энэ үеэр 2021 онд Токиогийн “Уэно” амьтны хүрээлэнд төрсөн ихэр панда Сяо Сяо болон Лэй Лэйг олон нийт 2026 оны нэгдүгээр сарын 25-нд сүүлчийн удаа үзэх боломжтой гэж Токио хотын захиргаа мэдэгдэж байсан. Тэгвэл тэднийг энэ сарын 27-ны өдөр буцахаар болжээ. Үүнтэй холбогдуулан ихрүүдийг сүүлчийн удаа харахаар ирсэн Япончууд “Уэно” амьтны хүрээлэнд урт оочир үүсгэжээ. Тэд хамгийн багадаа гурван цаг хүлээсний эцэст Сяо Сяо болон Лэй Лэй нарыг харжээ.
Панда нь тэдний хувьд энгийн нэг амьтан биш бөгөөд хэдийнээ соёлын бэлгэдэл болжээ. Японы соёлд “хөөрхөн” (kawaii) гэх ойлголт байдаг бөгөөд ихэр панданууд үүний оргил нь байжээ.
Токио хотын захиргааны мэдээлснээр, амьтны хүрээлэнд байгаа пандаг сүүлчийн удаа харах 4400 суудлын нэгд багтахын тулд 108,000 орчим хүн өрсөлдөж, интернэтээр сугалаа зохион байгуулжээ.
Панда нь Хятадаас үүсэлтэй бөгөөд тус улсын төрийн өмчид харьяалагддаг амьтан юм. Хятад улс пандануудыг гадаад орнуудад найрамдлын бэлгэдэл болгон илгээдэг уламжлалтай бөгөөд үүнийг “дипломатч панда” гэж нэрлэдэг. Хятад улс пандануудыг бусад оронд 10 жилийн гэрээгээр зээлээр өгдөг бөгөөд хүлээн авагч орнууд жил тутамд ойролцоогоор нэг сая ам.доллар төлдөг байна.
Ихрүүдийн эх Шин Шин, эцэг Ри Ри нь 2011 оноос хойш Уэно амьтны хүрээлэнд амьдарч байсан бөгөөд 2024 оны есдүгээр сард хөгшрөлт, цусны даралт ихсэх өвчний улмаас тусгай эмчилгээ хийлгэхээр Хятад руу буцсан юм.
Үлдсэн хоёр пандаг авах болсон нь Хятад, Япон хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хамгийн доод цэгтээ хүрснийг нотлон харуулж байна.
Сүүлд Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи ‘Хэрэв Хятад Тайваньд халдвал Япончууд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох болно” гэж мэдэгдсэний дараа хоёр улсын харилцаа огцом муудсан юм.
Ихрүүдийг буцсаны дараа Япон улс 1972 онд Хятадтай албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа пандагүй болох юм. Токио хотын албаны хүмүүсийн хэлснээр, одоогоор Хятадаас шинээр панда авчрах талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй аж.
Сэтгэгдэл үлдээх