Алиа алагчид...

Б.Энхтулга
2026-01-26

Ховдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Эрхбаяр Ерөнхий сайд 21 аймгийн Засаг даргыг хүлээж авах уулзалтын үеэр “санаатайгаар гаднын хөрөнгө оруулалттай уул, уурхайн төслүүдийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гацааж, шантаажлах зорилготой хүмүүст тооцох хуулийн хариуцлага нь багадаж байна. Хуулийг чангатгаж өгмөөр байна” хэмээн ярьснаар нутгийнхаа хамгийн муу хүн болон хувирсан. Үнэндээ түүний хэлсэн үг нутгийн иргэддээ биш. Эх оронч нэрээр энд тэнд очин шантааж хийж энгийн иргэдийг мэдлэггүйг нь далимдуулан хөөргөж өөрсдийн атгаг санаагаа хэрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүст хандаж хэлсэн болов уу гэж харахаар. Хазгай мурий ярьсан түүний яриа харин нөгөө хэдэд сайхан өгөөш болон хувирч нутагт нь очин тайзан дээрээс түмний өмнө бөхийлгөх хүртэл нь дарамталжээ. Улс төрч хүний хамгийн том дэмжлэг нь иргэд байдаг ч тэрээр би иргэдээ хэлээгүй та нарыг хэлсэн юм гээд сөрөөд зогсох зориг дутаж эх орончоор нүүрээ халхалж жагсаал, цуглааныг бизнес болгосон нөхдүүдэд дээрэлхүүлэв. Нарантуул зах дээр  лангуу ажиллуулж түүнээсээ хэмжээлшгүй баян болсон гэж ярьдаг А.Отгонбаатар, эрхэлсэн тодорхой ажилгүй “Босоо хөх монгол” гэх төрийн бус байгууллага дор гамгүй эдэлсэн царайгаа хүн айдаг гэж эндүүрдэг боловсролгүй хэдэн нөхдийг тэжээж гар хөлийнхөө үзүүрт зардаг П.Шинжээравдан хоёр ямар ч ойлголтгүй иргэдийг турхирч “Хөшөөтийн орд”, “Халзанбүрэгтэй”-н ордын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй хэмээн уриалж явна. Уул, усаа бохирдуулж, сүйтгэхийг ямар ч монгол иргэн хүсэхгүй. Гэхдээ хууль ёсны зөвшөөрлөө аваад, өгөх зүйлээ улсад нь тушаагаад эрсдэлээ үүрээд явж байгаа гаднын компаниудыг муу сайн хужаа нар гэж цоллон тайзан дээрээс хашхичиж байгаа эдгээр улсын хөгжлөөс хумсалж байгаа гэдгээ маш сайн мэдэж байгаа ч өөрсдийнхөө эрх ашгийг нэгт тавьдаг. Сайхан уул, устай гэхдээ ядуу хэвээрээ байя гэж уриалаад иргэдийг турхиран хүслээ гүйцээнэ.  

Хамгийн гол нь нутгийн иргэд нэг юмыг ойлгох хэрэгтэй. Тэнд очиж тэмцэж байгаа хуулийн мэдлэгтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй гэж шүтээд байгаа хүмүүс чинь хэзээ ч ард түмний төлөө явж ирээгүй. Өөрсдөө яаж ашиг хүртэх вэ, яаж олны анхааралд өртөх вэ гэж л явсаар ирсэн. Бид бүгдийн энэ их итгэлийг сонгуулиар хэдэн төгрөгөөр зарж орхиод мөнгөжнө. Харин бид нөгөө л нэг хар бараан амьдралтайгаа хэвээр үлдэнэ. Энэ бол өнгөрсөн хугацаанд тэдгээр хүмүүсийн хийж ирсэн ажлаар батлагдсан үнэн юм. Орчин цагийн алиа алагчид иргэдийн үгийг дайх үед түүнээс сайн зүйл хүлээгээд нэмэр үгүй дээ.

Харин Ховдын иргэд дээрх асуудал дээр “Халзанбүрэгтэй” ордыг эзэмшигч компани хууль бусаар лиценз авсан гэж үзэж байгаа. Мөн байгаль орчин сүйтгэх учраас үйл ажиллагааг зогсоох саналтай. Харин “Хөшөөтийн орд”-ын дотоод үйл ажиллагаа хэвийн бус хятадын ажилчид маш их. Мөн Ховдын иргэдийн гол усны ундарга болох Буянт голыг сүйтгэж байна гэж үзэж байгаа юм.

Хариуцсан Засаг даргад ч гэсэн их учир байна. Иргэдтэйгээ уулзаж ойлголт өгдөггүй, бүхнээс дээгүүр гэж өөрийгөө төсөөлдөг, иргэдээ сонсдоггүй. Өөрийгөө тусгаарлаж суулгүй өгөгдсөн үүргээ гүйцэтгэж, иргэдээ мэдээллээр хангаад санал, хүсэлтийг нь авч сонссон бол нөхцөл байдал арай өөрөөр буюу А.Отгонбаатар, П.Шинжээравдангүй шийдэх боломжтой байлаа.

Нэмж хэлэхэд Ховд аймаг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэх биш татаас авсаар ирсэн аймаг. Өөрсдөө мөнгө олдоггүй хүнээс тусламж авч амьдралаа залгадаг гэдэгтэй ижил гэсэн үг. Тэгсэн мөртөө сайхан амьдрал, сайхан орчин, хөгжил хүсдэг. Харин хөдөлмөрлөөд урагшаа зүтгээд, сайхан ирээдүйг төсөөлөөд явдаг хэсэг нь маш цөөн. Гэтэл уул, уурхайгаа түшиглээд урагшаа харж яваа аймаг Өмнөговь улсын төсөвт хэдэн их наядыг төвлөрүүлдэг. Нэг аймаг нь байгалийн баялгаа зөв зүйтэй ашиглахыг хүсдэггүй, нөгөө аймаг нь өөрсдөдөө ногдсон баялгаасаа үр өгөөжөө хүртэж хөрөнгө оруулагчидтай хамт урагшилдаг. Ялгаа нь ердөө л энэ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Энэ хэдэн гадны гар хөлүүдэд төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй байгаа юм да.

Өвгөн

Дэмжих үү?

6 1
Newsletter Subscribe