Бичигдээгүй дүр ба сургамж дүрэм

.
2026-01-26

Он гарч намууд хуульд заасан үүргийн дагуу үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Эрх баригч МАН-ын дарга орон нутагт ажиллаж байх үеэрээ ирэх сонгуулиас эхлэн жагсаалтаар орж ирэх гишүүдэд намын анхан болон дунд шатны байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавина гэдгээ хэлжээ.

36.2 Намаас сонгуульд тойрогт нэр дэвшигч, жагсаалтаар нэр дэвшигч нарт тавих шалгуур болон бусад асуудлыг Бага хурлаас хууль болон дүрмийн 1.5.8-д нийцүүлэн баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ гэж хуучин дүрэм дээрээ жагсаалтаар нэр дэвшигч гэж оруулж өгчээ. Намын дүрмийн энэ заалтыг харах юм бол “Намын бүх шатны сонгуульт байгууллагад 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна. Нэр дэвшүүлэлт, санал хураалтыг энэ шаардлага, хувь хэмжээнд нийцүүлэн зохион байгуулна” гэж тусгасан байна. Шинэ намын дарга Н.Учралын яриад байгаа жагсаалтаар сонгогдох гишүүдэд гурваас доошгүй жил намын анхан болон дунд шатанд ажилласан байх шаардлага нь дүрэмдээ яг тусгагдаагүй байгаа юм. Тэгэхлээр ирж яваа цаг дээрх яриа болж таарч байна. Яг энэ асуудал сөрөг хүчин Ардчилсан нам дээр хүртэл яригдаж байсан. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засагт Ардчилсан нам байх үед Ардчилсан намын тодорхой хэдэн гишүүд Засгийн газраа шүүмжилж, огцруулах хүртэл арга хэмжээнд оролцож явсан учраас намын дарга Л.Гантөмөр “цаашдаа жагсаалтад орж ирэх гишүүдийг сайн бодмоор юм байна. Намынхаа бодлогыг сөрж ажиллана гэдэг маш буруу жишиг” хэмээн ярьж байлаа.  

Харин намын дүрмийн өөрчлөлтүүдээс анзаарч харсан хоёр өөрчлөлт нь өнгөрсөн их улс төрийн өрдсөн намын даргын сонгуулийн зохицуулалт. Бага хурлаараа намын даргын сонгуулиа явуулаад аль нь ч гуравны хоёр аваагүй учраас илүү санал авсан хүн дээрээ дахин сонгууль явуулаад Д.Амарбаясгалан намын дарга болж байсан. Тэгвэл үүнийг

Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох, хэрэв аль ч нэр дэвшигч гуравны хоёрын санал аваагүй бол Намын Их хурлаар шийдвэрлүүлэх гэж өөрчилсөн байна. Хэрвээ бага хурлаас гуравны хоёр санал авч чадаагүй л бол шууд Их хурлаараа даргаа сонгоно гэсэн үг. Энэ нь дүрэмд тодорхойгүй байсан учраас тэр өдрөө дахин сонгууль явуулах хий гарсан гэж хэлж болох юм.

Мөн сонгуулийн үеэр хууль бус хандив авсан хэрэгт холбогдож одоо болтол асуудал нь шийдэгдээгүй байгаа УИХ-ын гишүүн Э.Болормаагийн жишээ дээрээс үндэслэн “Хуулиар хориглосон этгээдээс хандив авснаа мэдсэнээс хойш 10 өдрийн дотор хандивлагч болон сонгуулийн төв байгууллагад мэдэгдэж хандивыг сонгуулийн төв байгууллагад шилжүүлэх бөгөөд зөрчлийг арилгаж энэ талаар санхүүгийн тайланд холбогдох засвар, өөрчлөлтийг оруулан сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэх заалтыг нэмжээ. Хэрвээ үүнийгээ зөрчвөл мөн сахилгын хариуцлага тооцох заалтыг намын дүрмийн хамгийн сүүлд 48.9 дээр нэмж өгсөн байна. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe