АНУ бол цагаачдын тоогоор дэлхийд тэргүүлдэг улс юм. Сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад АНУ-д нийтдээ 53 сая хүн цагаачлан амьдарч байгаа бөгөөд үүний 20-30 хувь буюу 14 сая гаруй нь хууль бусаар орогнож байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирсэн билээ. Түүнээс хойш хойш хэрэгжүүлж буй ажлын нэг бол тус улсад хууль бусаар орогнож буй өөр улсын иргэдийг албадан буцаах ажиллагаа юм.
Америкийн Цагаачлалын Шинэчлэлийн Холбооноос хийсэн судалгаанаас харахад 2013 оноос хойш АНУ-д амьдарч байгаа хууль бус цагаачдын тоо сая, саяар нэмэгджээ. 2024-2025 оны хооронд гэхэд хоёр саяар нэмэгдсэн байна. Трамп эргэн ирэлтээ хийснээсээ хойш 2025 онд нийт 328,000 гаруй хүнийг баривчилж, ойролцоогоор 327,000 хүнийг албадан гаргасан байна.
Хамгийн сүүлд гэхэд 12 дугаар сарын 14-ний байдлаар тус улсын Цагаачлал, Гаалийн албаны байгууллага 68,400 гаруй хүнийг баривчилжээ. Харин үүнийг ихэнх хувийг гэмт хэргийн бүртгэлгүй буюу хууль бусаар амьдарч байгаа ч бусдад хор хөнөөл учруулаагүй энгийн иргэд бүрдүүлж байна. АНУ-д бичиг баримтгүй байх нь эрүүгийн гэмт хэрэг биш, харин иргэний хэрэгт тооцогддог байна.
2024 оны байдлаар тус улсад 43,510 монголчууд амьдарч байгаа бөгөөд үүнээс хууль бусаар 10,000 гаруй иргэн оршин сууж байгаа гэсэн тойм тоо бий.
Трампын засаг захиргаа нэгдүгээр сарын 14-нд дэлхийн 75 орны иргэдэд цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тухайн улсын иргэд АНУ-д амьдрахдаа нийгмийн халамж, дэмжлэгт хамрагдах өндөр магадлалтай гэж үзсэн орнуудыг уг жагсаалтад багтаасан байна. Үүнд Монгол Улс багтсан байдаг.
Сэтгэгдэл үлдээх