Энэтхэг улсад үхлийн аюултай Нипа вирусын шинэ хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллээ. Баруун Бенгал мужийн Колката хотод байрладаг нэгэн хувийн эмнэлгийн хоёр сувилагч халдвар авсан тохиолдлыг баталгаажуулжээ. Нэг сувилагчийн биеийн байдал хүнд байгаа хэмээн тус хотын эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Нипа вирус нь амьтнаас хүнд халдварладаг (сарьсанбагваахай) зоонозын гаралтай халдварт өвчин юм. Тус вирусийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) цар тахал үүсгэх өндөр эрсдэлтэй хэмээн үнэлж, нэн тэргүүний аюултай эмгэг төрүүлэгчдийн ангилалд оруулсан. Вирусээр өвчилсөн тохиолдолд нас баралтын түвшин 40-75 хувийн хооронд хэлбэлздэг байна.
Энэтхэгийн эрх баригчид Нипа вирусийн дэгдэлтийг тогтоон барихын тулд яаралтай арга хэмжээ авч эхэллээ. Одоогийн байдлаар 80 хүнийг шинжилгээнд хамруулж, өндөр эрсдэлтэй хавьтал болсон 20 хүнийг тусгаарлажээ. Мөн 100 хүнийг гэрийн хорионд оруулжээ.
Энэ вирус нь тархины хүнд хэлбэрийн үрэвсэл (энцефалит) болон амьсгалын замын өвчлөл үүсгэж, нойрмоглох, таталт өгөх аюултай. Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолой өвдөх, амьсгалахад хүндрэл учрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд халдвар авснаас хойш 4-14 хоногийн дараа илэрдэг байна. Мөн шүлс, шээс, цус зэрэг биеийн шингэнээр дамжин тархах боломжтой.
Нипа өвчнийг бүрэн эмчлэх арга одоогоор байхгүй бөгөөд зөвхөн шинж тэмдгийг л саармагжуулах боломжтой хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх