Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 300 орчим МВт дутагдал үүсжээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-27

Эрчим хүчний системийн эх үүсвэр талд үүссэн гэмтэл, чадлын дутагдлаас шалтгаалан дахин цахилгаан эрчим хүч хязгаарлаж эхэлсэн. Энэ талаар мэдээллийг Диспетчерийн үндэсний төвөөс мэдээллээ.

Диспетчерийн үндэсний төвийн шийдвэрээр 2026 оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг 2 цагийн хугацаатай, ээлжлэн хязгаарлаж байна.

ДҮТ ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатарын мэдээлснээр нийт 1500 МВт цахилгаан хэрэглээний 304 МВт эрчим хүчийг ОХУ-аас импортолж байна.

  • ДЦС-4: 583 МВт (7 зуухтай)
  • Бөөрөлжүүтийн ЦС: 108 МВт
  • Салхин цахилгаан станцууд: 28 МВт
  • Нарны цахилгаан станцууд: 74 МВт тус тус үйлдвэрлэдэг.

ОХУ-тай холбогдсон хоёр шугамаар дээд тал нь 310 МВт цахилгаан авах боломжтой. Үүнээс хэтэрвэл шугам халах, гэмтэх, тасрах эрсдэлтэй тул импортын хэмжээг нэмэх боломжгүй байна.

Харин ДЦС-4-ийн 7-р зууханд гэмтэл гарч, ойролцоогоор 100 МВт чадал дутуу үйлдвэрлэх болсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нүүрсний хангамжийн хүндрэлтэй тул бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүй байна.

Үүний улмаас нэгдсэн сүлжээнд 300 орчим МВт-ын чадлын дутагдал үүсэж, хэрэглэгчдээс 100 орчим МВт-аар хязгаарлаж байгаа аж.

Эрчим хүчний салбарын онцлогоор хэрэглэж байгаа мөчид нь үйлдвэрлэл яг тэнцүү байх шаардлагатай. Гэвч өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл дутмаг, хэрэглээ өндөр байгаа нь хязгаарлах үндсэн шалтгаан болжээ.

Иймд иргэд, хэрэглэгчдийг шаардлагагүй цахилгаан хэрэгслийг унтраах, оргил ачааллын үед хэрэглээгээ багасгах, замаар хэмнэлт хийхийг уриалж байна.

УБЦТС ТӨХК-ийн диспетчерийн албаны ахлах инженер Д.Гантулгын мэдээлснээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийг 11 бүлэг, орон нутгийг 2 бүлэг болгон хуваасан ба 2 цагийн үргэлжлэх хугацаатай, ээлжлэн хязгаарлаж байна. Улсын болон нийгмийн чухал объектууд хязгаарлалтад хамрагдахгүй.

Эрчим хүчний нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээллийг өдөр бүр 10:00, 17:00 цагт Эрчим хүчний яамны албан ёсны пэйж хуудсаар дамжуулан хүргэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe