Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас “Иргэний нийгмийн долоо хоног” зохион байгуулж байна. Долоо хоногийн хүрээнд өнөөдөр “Хот ба төсөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нийслэл энэ онд 4.2 их наяд төсөвтэй ба Хөрөнгө оруулалтад 2 их наяд төгрөг зарцуулахаар байна хэмээж байсан.
Тухайлбал дээрх зардлаас Туулын хурдны зам барихад тодорхой хэсгийг зарцуулах ба уг зам ашиглалтад орсноор түгжрэл 25 хувь буурна гэв.
Мөн нийслэл анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж,
Цаашлаа хэлэлцүүлэгт оролцогчид нийслэлээс хэрэгжүүлж буй ажлууд, тендерийн ил тод байдал, ногоон оноо зэргийн талаар тодруулахад нийслэлд 4000 гаруй албан хаагч байгаа. Хариуцсан салбарын хүрээний ажлаа л танилцуулж чадах ба түүнээс гаднах ажлуудыг тухай бүр мэдээллээ өгөх шаардлагатайг ойлголоо. Цаашдаа нээлттэй, ил тод байх тал дээр манлайлж ажиллана хэмээн мэдэгдэв.
Мөн хэлэлцүүлгээр уг ТББ-ын Төсвийн хөтөлбөрийн зөвлөх З.Энхбаяр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт ба Хот” сэдэвт танилцуулгыг хүргэсэн.
Танилцуулгад дурдсанаар Нийслэлийн хяналт шалгалтын газрын төсөв 2025 онд 4.2 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 4.8 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
Өмнөх онд аудитын байгууллагаас цалин, урамшууллын зардлыг үр ашиггүй зарцуулсан гэсэн дүгнэлт гаргасан ч энэ төрлийн зардал 2026 оны төсөвт дахин туссан байна. Хамгийн сүүлийн нээлттэй тайлангаар 2025 онд 2.1 тэрбум төгрөгийн мэдээлэл нийтлэгдсэн ч 2026 оны батлагдсан төсвийн дэлгэрэнгүй зарцуулалтын хавсралт мэдээлэл ил болоогүй байна.
Хот байгуулалт, хотын стандартын газрын төсөв 2026 онд 7.9 тэрбум төгрөгт хүрч, 2025 оноос 2.5 дахин өссөн нь анхаарал татаж байна. Гэвч нийт төсвийн дийлэнхийг урсгал зардал эзэлж, хөрөнгө оруулалтын шинжтэй зардал тусгагдаагүй байгааг танилцуулгад онцолжээ. Тус байгууллагын урсгал шилжүүлэг 137.7 сая төгрөг байгаа бөгөөд үүний ихэнх нь тэтгэвэр, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулалд зориулагдсан байна.
“20 минутын хот хөгжлийн төв” болон Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн 2026 оны төсөвт мөн урсгал зардал давамгайлж байгаа аж. Тухайлбал, 20 минутын хот хөгжлийн төвийн урсгал зардал 2026 онд 2.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 41.9 хувиар буурсан ч бараа, үйлчилгээний зардал нийт урсгал зардлын 79 хувийг эзэлжээ. Компьютер, тоног төхөөрөмж, тавилга, элэгдлийн зардалд нийт хэдэн зуун сая төгрөг төсөвлөсөн байна.
Танилцуулгын дүгнэлт хэсэгт худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, зарцуулалтын шийдвэрүүдийг шилэн дансанд дутуу, эсвэл огт мэдээлээгүй нийтлэг зөрчил байгааг дурдсан байна. Мөн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, урсгал зардал, хүний нөөцийн зардал, байр ашиглалтын зардалд илүү анхаарах шаардлагатайг онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх