С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг үндэстэн хөгждөг

.Graph
2026-01-28

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Багануур дүүрэгт ажиллах үеэрээ үйлдвэрлэл, технологийн парк болон дулааны станцын өргөтгөлийн төслүүдийн явцтай танилцжээ.

Зуун жил ашиглах нөөцтэй нүүрсний уурхайг түшиглэн байгуулах Багануурын Үйлдвэрлэл, технологийн парк-ийн төлөвлөлт, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил бүрэн дууссан байна.

Тус паркийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нүүрс-пиролизын үйлдвэр, уул уурхайн салбарыг тэсэлгээний бодисоор бүрэн хангах аммонийн нитратын үйлдвэр, стратегийн түүхий эдийн хараат байдлаас гарах бензин, дизелийн үйлдвэр, мөн эрчим хүчний тогтвортой байдлыг дэмжих цахилгаан станц барихаар төлөвлөжээ.

Эдгээр төслийг хэрэгжүүлснээр “Багануур” ХК-ийн үйл ажиллагаа тогтворжиж, Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай байдал хангагдахаас гадна Үндэсний баялгийн санд төвлөрөх орлого нэмэгдэж, иргэдэд очих байгалийн баялгийн өгөөж өсөх ач холбогдолтой.

Мөн үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлж, түүхий эд экспортлогчоос өөрөө үйлдвэрлэгч улс болох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үүний тулд үйлдвэр барихад тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг онцоллоо.

Энэ хүрээнд “Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Уг хуулийн төсөлд кластерын зарчмаар хөгжих, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлож валютын нөөцийг хэмнэх, ажлын байр бий болгодог баялаг бүтээгчдийг дэмжих зохицуулалтуудыг тусгана.

Төлөвлөсөн төслүүд бүрэн хэрэгжсэнээр 4,000 ажлын байр бий болж, 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах юм. Үүнээс гадна Эрдэнэтийн Зэс хайлуулах цогцолбор, Дарханы Ган төмөр хайлуулах цогцолбор, Тавантолгой, Алтанширээ, Ховд зэрэг бүс нутагт үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалт эхлэхээр байна.

Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчдээ дэмждэг улс хөгжилд тэргүүлдэг гэдгийг онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe