Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын эхнэр болох экс тэргүүн хатагтай Ким Гон Хиний хэргийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр буюу лхагва гарагт болох юм. Түүнийг авлига, хувьцааны луйвар болон улс төрийн оролцоо зэрэгт буруутгаж, өнгөрсөн оны наймдугаар сард яллагдагчаар татсан.
Ким Гон Хи-гийн эсрэг үүсгэсэн гурван үндсэн ял:
Прокурорууд Кимд 15 жилийн хорих ял болон хоёр тэрбум вонын торгууль ноогдуулахыг шаардаад буй.
Түүний нөхөр Юн Сүк Ёлыг 2024 онд цэргийн дэглэм тогтоож, парламентаас зөвшөөрөл авахгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэрэгт буруутгаж 2025 оны нэгдүгээр сард баривчилсан байдаг. Юн Сүк Ёлын анхны шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 16-нд болж, түүнд таван жилийн хорих ял оноосон. Харин буруутгагдаад буй гол хэрэг болох цэргийн дэглэм тогтоохыг завдсан гэх үндэслэлийн шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 9-нд болохоор товлогдсон.
Эхнэр, нөхрийг хамтад нь хамарсан энэхүү хэрэг Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчдийн түүхэн дэх анхны гэр бүлийн гэмт хэрэг болж байна.
Тэргүүн хатагтайн “Dior” цүнх
Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 оны есдүгээр сард Ким Сөүл дэх нэгэн оффистоо Америк пастороос гурван сая вон буюу 2275 ам.доллартой тэнцэх үнэтэй “Dior” гар цүнх болон бусад үнэтэй эд зүйлсийг авч буй камерын бичлэг 2023 онд олон нийтэд цацагдсан. Энэхүү бичлэгийг пастор Чой Жэ Ён цагандаа суулгасан камераар нууцаар бичиж авсан гэж мэдээлсэн.
Өмнөд Солонгосын хуулиар төрийн албан хаагчид болон тэдний эхнэр эсвэл нөхөр нэг дор нэг сая воноос дээш үнэтэй бэлэг авахыг хориглодог байна.
Ким үүнийг улс төрийн зохион байгуулалттай хэрэг хэмээн тайлбарлаж, цүнхийг хүлээн авсан ч хэрэглэлгүй буцаан өгсөн гэж мэдэгдсэн байдаг. Энэ хэрэг тухайн үедээ нэлээн газар авч, олны дургүйцлийг төрүүлсэн ч прокуророос тэргүүн хатагтайг яллахгүй байх шийдвэр гаргасан.
Ким Гон Хи тэргүүн хатагтай болохоосоо ч өмнө дуулиан шуугианы бай болсоор иржээ. Тэрээр 1999 онд Сукмёнгийн эмэгтэйчүүдийн их сургуулийг урлагийн боловсролын чиглэлээр төгссөн бөгөөд бизнес эрхлэгч, урлагт хайртай нэгэн байжээ. Их сургуульд байхдаа дипломын ажил хуулбарласан хэрэгт удаа дараа буруутгагдсан тул 2025 онд түүний боловсролын зэргийг хүчингүй болгосон. Харин 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүний хуурамч диплом болон хуурамчаар их сургууль төгссөн гэх мэдээллүүд цацагдсан юм.
Ким 2009 онд “Covana Contents” компаниа үүсгэн байгуулсан бөгөөд 2019 онд түүнийг татвараас зайлсхийсэн хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлжээ. Үүний хариуд Ким хэрэв нөхөр нь сонгуульд ялалт байгуулбал "гэрийн эзэгтэйн үүрэгтээ илүү анхаарах болно" гэж байжээ. Гэсэн ч тэргүүн хатагтайн суудалд байх хугацаандаа гаргасан үйлдлүүд ийн ширүүн шүүмжлэл дагуулахад хүргэжээ.
Сэтгэгдэл үлдээх