Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоол хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож тогтоожээ. Энэ нь нийт олж байгаа орлогынхоо 55 хувьтай тэнцэх хэмжээгээр иргэнд зээлийн олгоно гэсэн үг.
Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд нь хэрэглээний зээл олгох тохиолдол бүрт харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, уг харьцааг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр зээл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр иргэдийн хэрэглээний зээлийн эрсдэл бууруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.
Мөн харилцагчийн өр, орлогын харьцааг тооцохдоо финтек зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцох, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд зээлийн хүү болон бусад нөхцөлийг заавал тусгахаар журамлажээ.
Сэтгэгдэл үлдээх