Реппер Ники Минаж сүүлийн үед Трампыг дэмжигч гэдгээ нээлттэй илэрхийлдэг болсон нь олны бухимдлыг төрүүлээд байгаа юм. Өчигдөр буюу лхагва гарагт Вашингтон D.C- д АНУ-ын Төрийн Сангийн зүгээс зохион байгуулсан хүүхдийн хуримтлалын “Трампын данс” хөтөлбөрийн чуулга уулзалтын үеэр Ники тайзнаа Трамптай хөтлөлцөн гарч, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. "Трампын данс" нь саяхан батлагдсан татвар, зарлагын тухай хуулийн нэг хэсэг бөгөөд бага насны иргэддээ зориулж буй хуримтлалын хөрөнгө оруулалтын данс юм.
Ингэснээр бага орлоготой гэр бүлийн хүүхдүүд насанд хүрэх үедээ өөрийн гэсэн хуримтлалтай болоход туслах зорилготой аж. Үүний хүрээнд Сангийн яам 2025-2028 оны хооронд төрсөн, эцэг эх эсвэл асран хамгаалагч нь хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан бүх хүүхдүүдийн дансанд 1000 ам.доллар шилжүүлнэ.
Ники Минаж "Би магадгүй Ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн том фен. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хүмүүсийн юу гэж хэлэх болон намайг хэр үзэн ядах нь надад огт нөлөөлөхгүй. Харин ч түүнийг дэмжих илүү их урам зориг болдог. Бурхан түүнийг хамгаалж байгаа” гэлээ. Ийнхүү холливудын “A” зэрэглэлийн супер од Трампыг дэмжиж буйгаа нээлттэй илэрхийлэх болсон нь хүмүүсийн эргэлзээг төрүүлж, Ники реп ертөнцөөс холдож Трамптай ойртохыг хичээж байна гэж харж байна. Мөн энэ үеэр тэрээр Трампын эхлүүлж буй шинэ хөтөлбөрт 150.000-300.000 ам.долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх