Хавартай хамт ирэх улс төр

Б.Энхтулга
2026-01-29

Хэдхэн сарын өмнө улс төр буцалж МАН дотроо хоёр хуваагдан Үндсэн хуулийн цэц маргааныг нь хагалж байсныг та бүхэн санаж байгаа биз дээ. Энэ зөрчлөөс болж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэмт хэрэгтэн болж Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын, П.Сайнзориг төрийн эрхийг хууль бусаар олж авах гэсэн үйлдлээр гэмт хэргийн хавтаст хэрэг нээлгэсэн. Шалгалтын ажил одоо болтол үргэлжилж байгаа. Ингэхдээ прокуророос Х.Булгантуяад хилийн хориг тавих хүсэлт шүүхэд тавьж шүүх түүнийг нь шийдэж өгчээ. За одоо гол юм аа бичье. Дээрх гурван хүн дээр нэмэгдээд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Б.Баасандорж нэмэгдэж байгаа бололтой. Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Гэхдээ шүүх прокурорын саналыг хүлээж авахаас татгалзжээ. Яагаад гэвэл хангалттай баримт авагдаагүй гэсэн үндэслэлтэй хариу өгч. Гэхдээ л түүнийг яллахаар зүтгэж байгаа нь илт байна. Ингээд дөрөв болж байгаа биз. Б.Баасандорж, Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан, П.Сайнзориг. Бүгд Засгийн газрын эсрэг босож дэмжээгүйг дэмжье гэх саналаар унагахад идэвхтэй оролцсон хүмүүс. Ер нь бол Ерөнхийлөгчийн эсрэг боссон гэхэд болно л доо. Энэ дөрөв дээр нэмэгдээд Ховдоос сонгогдсон Э.Болормааг оролцуулан улс төрөөс арчих ажиллагаа яваад эхэлж. Э.Болормаа сүүлийн үед ам нь дийлдэхгүй байгаа. Өөрөө ч сонгуулийн үеэр хууль бус хандив авсан хэрэгт холбогдож тэр нь шийдэгдэлгүй өдийг хүрчихсэн. Хаврын чуулган эхлэхээр одоогоор гишүүн байгаа дөрвийг нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж, ажилгүй байгаа Б.Баасандоржийн эгнээнд шилжүүлэх нь ээ. Ялаа аваад яв эсвэл гишүүнээсээ буугаад энгийн амьдралаар чимээгүй амьдар гэж тулгасан байх магадлалтай. Э.Болормааг эс тооцвол уг нь улс төрд цахиур хагалж яваа залуус. Буруу хүнтэйгээ нийлж буруу цаг үедээ, буруу хүнийхээ эсрэг боссон нь гай дагуулж ялтан эсвэл алга болох сонголт дээр авчирчээ. УИХ, Засгийн газар гээд бүх эрх мэдэл одоогоор нөгөө талд байгаа учраас булангаас өөр хорогдох зүйлгүй болсон эдгээр хүмүүст өөдөөс нь зоригтой дуугарах эрх байхгүй. Хууль зүйн сайд Б.Энхбаяр ч гэсэн хаврын улс төрөөр олон хүмүүсийг яллана гэдгээ зарлаад явж байгаа харагдсан. Засгийн газраас ч энэ ажилдаа бэлтгэж зарим нэг хуулийн төслүүдийг урагшлуулах гэж байгаа сурагтай.

Харвасан од Д.Амарбаясгалан...

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авсан, улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн эрүүгийн заалт түүнийг яллахаар хүлээж байгаа. Ердөө хагас жилийн өмнө улс төрийн замнал нь оргил руу мацаж ид үедээ гялалзаж явсан тэрээр багын найз Л.Оюун-Эрдэнэтэйгээ нийлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөдөөс ассанаар замналынхаа ёроолд очих хэмжээнд хүрчхээд байгаа билээ. Уг нь намын даргын төлөө өрсөлдөөгүй бол, найзынхаа биш ахынхаа үгийг авсан бол, тэвчээд УИХ-ын даргаа хийгээд явсан бол, томчуудын шоглоомд өөрийн нэрээ багтааж үлдсэн бол асуудал ийм дээрээ тулахгүй байж ч магадгүй байсан. Гэхдээ нөгөө талаас харвал түүнийг түлхэх нь цаг хугацааны асуудал болоод байсан ч байж магадгүй. Л.Оюун-Эрдэнийг цүнхээр унагасан Ерөнхийлөгч нэг мөсөн бүгдийг нь зайлуулах төлөвлөгөө гаргасан байсныг үгүйсгэхгүй. Унах нь цаг хугацааны асуудал болсон Д.Амарбаясгалан сөрөх тактик хэрэглэж босвол хүчтэй босоод унавал ёроол хүртэл нь уная гээд шийдсэн байж болох. Хүчний харьцаа 60:40-өөс харамсалтай нь босож чадаагүй. Буруу тоглолт хийгээд ацан шалаанд орчхоод сууж байна. Л.Оюун-Эрдэнээ бодвол зарчимч, арга мэхтэй улс төрч. Гэхдээ л хий гишгэчихсэн. Улс төрөөс бүр мөсөн явуулах эсвэл ял авах хоёр сонголт л түүнийг замын төгсгөлд бүлтийтэл харуулдаад зогсож байх юм. Найзыгаа өмөөрсөн ч бай, өөрийгөө бодсон ч бай, нам, төрөө эргүүлэх гэсэн ч бай улс төрөөс арчигдахад харамсалтай л дүр хэмээн дүгнэлээ.

Зарчимч мөртөө зөөлөн Х.Булгантуяа...

НАМЗХ гэдэг байгууллагаас УИХ-ын дэд дарга болтлоо дэвшиж намын гол эмэгтэйчүүдийн нэг болсон Х.Булгантуяа буруу гишгэснээсээ болж мөн л улс төрийн замнал нь дуусаж байгаа бололтой. Зарчимч, хатуу гэдэг дүртэй тэрээр чуулганы индэр дээрээс Г.Занданшатарыг огцруулсан хурлыг удирдсаныхаа дараа ёстой муухай юм боллоо гэж уучлалт гуйсан нь түүний зөөлөн талж байж. Уг нь аль нэг талд оролгүй тэг дундуур нь зогсох зарчим түүнд байсан. Гэвч найз нөхдийн дундах зарчим үйлчилж цаг үеэ мэдэрсэнгүй буруу талаа налжээ. Эцэст нь Үндсэн хууль зөрчсөн улс төрийн гэмт хэрэгтэн болж төгсөх нь. Бас л хайран улс төрч. Хүний өөрийн гэлтгүй л түүнд харамсаж суугаа байх. Г.Занданшатарыг огцруулсан Байнгын хорооны дэмжээгүйг дэмжье гэх санал түүний хар дарсан зүүд болон үлдэх нь. Одоогийн УИХ-ын дарга Н.Учралтай нэг үеийн улс төрчид хоорондоо гэмгүй сайхан найзууд. Гэвч ахыг дагасан нь дээш өгсөж, сөрж зогссон нь доош уруудлаа. Улс төр ийм л хойно. Бусдыгаа бодвол унасан ч эргээд босох орон зай, оролдлого түүнд харин үлдсэн байх аа. Улс төрийн гэмт хэрэгтэн болоод ял авчихгүй л бол шүү дээ.

Ам нь болдоггүй П.Сайнзориг...

Хууль зүйн яамнаас гарч ирсэн Х.Нямбаатарын бүтээгдэхүүн П.Сайнзориг жижиг биетэй ч том амтай. Хуулийн хүн учраас томчуудтай хууль ярьж маргалдах нь ихсэж олон хүний дургүй хүргэсэн. Ганц улс төрчидтэй ч биш сэтгүүлчидтэй хүртэл ам зөрж явдаг түүнийг гишүүн болтол нь Л.Оюун-Эрдэнэ дэмжсэн байдаг. Тийм ч учраас Д.Амарбаясгалангийн талд зогсож ах нартайгаа муудсанаар улс төрийн замнал нь өндөрлөх тийшээ хандаж байна. Ам нь түрүүлээд байдаг болохоос биш хуулийн гаргалгаа талдаа тийм ч муу биш. Гэхдээ улс төрч талдаа ч сайн биш. Хамгийн төгс улс төрийн замнал бол огцом өгсөх биш тогтвортой, аажмаар өгсөх байдаг. Түүний төрийн албаны замнал л тогтвортой жигд өсөлттэй байснаас биш улс төрч талдаа хэт яарч муу дүн тавиуллаа. Богино хугацаанд улс төрд байсан учраас байх үгүй нь олон нийтэд тийм ч сонин биш байх. Өөрт нь ч алдаад байх зүйлгүй биз.

Тооно Э.Болормаа...

Мордохын хазгай гэж сонгуулийн сурталчилгаанаасаа эхлээд л бүтэлгүйтсэн Э.Болормаа мөн л улс төрд удахгүй нь. Сонгуулийн үеэр хууль бус хандив авсан гай нь түүнийг нөхөдтэйгөө хамт төрийн ордныг орхиход хүргэх гээд байна уу даа. Том зөрчлийн үед ч тэр ялагдсаных нь дараа ч тэр ах нар гэж цоллож байгаад айхтар үг чулуудаад байхаар нь дарж авч байгаа болов уу. Түүнээс гэмт хэрэг хийчхээд би гишүүн болохоосоо өмнө хийсэн гээд хэлээд явж байгаа улс төрчид ордонд цөөнгүй. Яг шалтаглаад явуулах дээрээ тулбал тэднийг ч явуулах байсан биз. Харин Э.Болормаа найзынхаа урдуур хэтэрхий орж өөртөө гай дуудах нь тэр. Ах уурлавал яаж уурладаг гэдгийг ордны хаалга анх удаа татаж байгаа шинэ цаг үеийн улс төрч залуучууд мэдэрсэн байх. Хэрвээ явах бол гай ч тарилгүй гавьяа ч байгуулалгүй явж байгаа нэгэн дээ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Очих газар хүрэх газраа тодорхойлж чадсан ч буруу зам буруу аргаар чих гэсэн учраас хүмүүсийн дургүй хүргэсэн хүмүүс

Цагаан

Дэмжих үү?

0 0

зөвхөн хүрэлсүхтэй сөрсөн юм биш ард түмэн шудрага ёсны өмнөөс зөрсөн юм ерөнхийлөгч зөвхөн зөвийг талд л зогссон төдий

kkk

Дэмжих үү?

0 1

Лоохууз Нямбуу Сурмаажав нарын хэргийг давтах дээ.

Баттулга

Дэмжих үү?

0 0

Ямар муухай долоогч сэтгүүлч вэ Шаал худлаа юм бичиж дрлоодог худалдддагдсан .АБгийн талын сэтгүүлч чи өөрөөмөө ичээч

Зочин

Дэмжих үү?

0 0

Хүрэлсүг дийлээд байгаа харагдавч, ирээдүйд залуус Монголчууд дийлж Эби Сү Баярцогт Баяр мэттэйгээ адил Хүүк шаарлагдана. Тэр цагт хэн дийлсэн нь тодорхой харагдана.

Зочин

Дэмжих үү?

3 1

Дотроо эвээ олоод нийлээд идэж уух байх аа. Эдгээр залуусаа залхаан цээрлүүлвэл араас нь намаас гарах олон мянган залуучууд байгаа тийм учир 28 оны сонгуулиа бодоод нэгдэх байх даа.

Зочин

Дэмжих үү?

0 1

Залуу үе нь дээр шүү дээ. ҮХЦ буруу захиалгат шийдвэр гаргасан

Төр

Дэмжих үү?

0 2

Улсаа тонон дээрэмдсэн, ард түмнээ доромжилсон, залуусаа хавчин гадуурхсан энэ үе сайнаар төгсөхгүй байх аа. 2028 онд дүнгээ тавиулаад шоронгоо дүүргэх байлгүй дээ

Нам

Дэмжих үү?

1 1

Чи ЗАНДАНШАТАР, ХҮРЭЛСҮХ 2 ЫН ТАЛЫН ХҮН БОЛОЛТОЙ БУРУУ ДҮГНЭЭД БАЙНА. ТӨГЦӨГНҮҮД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨД ЗАЛУУ ҮЕЭ ДЭМЖИХ БАЙСЫМ. ҮХЭХ БОЛСОН ХАР ХОРОН САНААТАЙ ӨВГӨДИЙН ҮЕ ЯАГААД Ч САЙНАА ҮЗЭХГҮЙ ШҮҮ. АРД

МАЛ

Дэмжих үү?

2 4
Newsletter Subscribe