Хохирогч гэх Д.Саяннямбуу нь хүний биед хөнгөн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагджээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-29

14.30 цагт

Хүүхдийн 100 орчимд өнгөрсөн оны долоодугаар сарын 19-нд нийтийг хамарсан замбараагүй байдал үүсэж, таван хүнд холбогдуулан эрүүгийн хавтаст хэрэг нээн мөрдөн шалгаж эхэлсэн билээ.

Энэ хүртэл олон нийт нэг хохирогчтой бүлэг халдлагын хэрэг хэмээн ойлгож байсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Прокурорын байгууллагаас дээрх асуудалд Эрүүгийн хуулийн

11.4.2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр үйлдсэн

11.6.1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

20.16.1-д заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг тус тус зүйлчилсэн байна.

Эдгээрээс Б.Амарсайхан, Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг 11.4.2.1 болон 20.16.1-д заасан хэргээр яллагдагчаар татсан бол олон нийтийн цорын ганц хохирогч хэмээн ойлгож байсан Д.Саяннямбууг 11.6.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Шүүх хуралдаанд  Д.Саяннямбуу нь Ц.Санжаачойпэлийн биед хөнгөн хохирол учруулахаар халдсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон камерын бичлэгээр тогтоогдсон тухай прокурор танилцууллаа. Тухайлбал гарынхаа цагтай хэсгээр цохисон байна.

Харин Б.Амарсайхан, Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар нь бүлэглэн  Д.Саяннямбуугийн биед санаатайгаар халдсан болохыг холбогдох нотлох баримтаар тогтоогдоод байгаа талаар мөн танилцуулав.

Ийнхүү уг хэрэгт дээрх байдлаар Ц.Санжаачойпэл болон Д.Саяннямбуу нар хохирогчоор тогтоогдсон бол нэр дурдагдсан таван иргэн мөн яллагдагчаар татагджээ. Шүүх хурал үргэлжилж байна.

Шинэчлэл(18.30 цагт)

Нотлох баримт шинжлэн судлах үеэр Л.Алтан-Очирын өмгөөлөгч нийгэмд яллагдагчтай холбоотой хар тамхи хэрэглэсэн байсан тухай ташаа мэдээлэл тархсан тул тухайн үед хар тамхи хэрэглээгүй тухай шинжилгээгээний хариу байдаг тухай дурдав.

Мөн прокурорын танилцуулсан гэрчийн мэдүүлэг дунд Ц.Санжаачойпэл "Би хамгийн баян хүн. Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Би шоронд суугаар гарч ирнэ" гэж хэлсэн тухай байсан.

Энэ талаар дараах харилцан яриа боллоо.

Прокурор: Занданшатар Ерөнхий сайд болсон гэж хэн хэлсэн бэ?

Ц.Санжаачойпэл: Би хэлээгүй. Өлзийсайхан(тус хэрэгт гэрчээр тогтоогдсон иргэн) хэлсэн. 

Өмгөөлөгч: Чи Өлзийсайхан гэдэг хүнийг таних уу, тухайн үед ямар маргаан болсон бэ?

Ц.Санжаачойпэл: Танина. Өмнө нь маргалдаж байсан. Манай аав цагдаагийн дарга гэж анх Өлзий хэлж эхэлсэн. Өлзийгийн аав Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсны дараа цагдаагийн дарга болсон байсныг би мэдээнээс харсан.

Дээрх байдлаар нотлох баримт шинжлэн судалж дууслаа. Харин прокурор, өмгөөлөгчдийн дүгнэлтээр шүүх хурал үргэлжилж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд 19.00 цагаас цахилгаан тасрах хуваарьтай байна. Шүүх хурлыг цахилгаан тасрах хүртэл үргэлжлүүлэхээр болов.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe