Төрийн албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээлэл түгээхгүй байхаар 2 тэрбум гаруй төгрөгийн гэрээ байгуулжээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-30

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Гэмт хэргийн талаарх мэдээлэл шалгуулах тухай” асуудлаар Цагдаагийн ерөнхий газарт нэмэлт материал хүргүүлжээ.

Уг албан бичигт нийгмийн сүлжээгээр тогтмол түгж байсан, Монгол Улсын зарим төрийн албан тушаалтанд хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгах, цаашид ижил утга, агуулгатай мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байх үүргийг хүлээлгэж, харин Монголын талаас 468,008.22 фунт стерлинг буюу 2.29 тэрбум орчим төгрөгийг ИБУИНХУ-ын иргэдэд төлөхөөр тохиролцсон тухай дурдсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоо болон Их Британийн иргэн Марис Даффи, Ричард Боули нарын хооронд 2024 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулагдсан гэх баримтыг хавсарган хүргүүлжээ.

ХЗДХ-ийн сайдын албан бичигт дээрх асуудлыг хууль, журмын дагуу шалган шийдвэрлэж, хариу мэдэгдэхийг Цагдаагийн ерөнхий газраас хүслээ.

Өмнө нь тус яамнаас 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 1/2395 дугаартай албан бичгээр нэр бүхий иргэн, хуулийн этгээдтэй холбогдох, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар ЦЕГ-т хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe