СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
Сүүлийн үед банк, бичил санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү, зээлийн хүртээмжийн асуудал нийгэмд өргөн хэлэлцэгдэж, харилцан адилгүй байр суурь илэрхийлэх болсон.
Гэвч уг маргааны суурь шалтгаан нь зээлийн байгууллагууд бус, харин Монгол Улсын эдийн засаг, иргэдийн бодит орлого, амьжиргааны түвшинтэй шууд холбоотой.
Өнөөдөр Монгол Улсад ядуурлын түвшин 30 орчим хувьтай, өрхийн дундаж бодит орлого 2020 оны үнээр тооцвол хоёр сая төгрөгт ч хүрэхгүй байгаа нь иргэдийг зээлд хандахад хүргэж буй гол хүчин зүйл болж байна. Иргэдийн зээлийн ихэнх нь тансаг хэрэглээ бус, орон байр, унаа, баяр ёслол, өдөр тутмын амьдралаа авч явах зайлшгүй хэрэгцээг хангахад чиглэж байгаа нь бодит нөхцөл байдлыг илтгэнэ.
Судалгаагаар Монгол Улсад сэтгэл хангалуун амьдрахад шаардагдах орлого сарын 10 сая төгрөгөөс дээш байх ёстой гэсэн тооцоо гарсан ч бодит байдал дээр иргэдийн орлого үүнээс үлэмж доогуур байгаа нь бичил санхүүгийн эрэлтийг нэмэгдүүлж байна.
Төрөөс 2025 онд банк бус санхүүгийн салбарт эх үүсвэр, зээл олголтыг хязгаарлах чиглэлээр хатуу зохицуулалт хийсэн ч салбарын хэмжээ буураагүй байна. Харин ч 2025 оны эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын тоо 577-д хүрч, нийт зээлийн хэмжээ 7.2 их наяд төгрөг болж, зээлдэгчдийн тоо 2.8 саяд хүрсэн нь иргэдийн эрэлт бодитоор өндөр байгааг харуулжээ.
СЭЗИС-ийн Санхүүгийн зах зээлийн сургалт, судалгааны хүрээлэнгийн судалгаагаар банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээний үнэлгээ 10 онооноос 8.46 оноо авсан нь иргэдийн зүгээс энэ салбарыг бүрэн үгүйсгэдэггүйг илтгэж байна.
Харин зээлийн хүү өндөр хэвээр байгаа шалтгаан нь эдийн засгийн суурь нөхцөл, инфляци, бодлогын хүү, үндэсний хуримтлалын дутагдал, эрсдэлийн орчинтой холбоотой бөгөөд бичил санхүүгийн салбарыг дангаар нь буруутгах нь асуудлыг шийдэхгүй.
Тиймээс бичил санхүүгийн салбарыг хязгаарлах бус, макро эдийн засгийг тогтворжуулах, бодит орлогыг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, засаглалын чанарыг сайжруулах бодлого дунд, урт хугацаанд илүү үр дүнтэй байх боломжтой гэж дүгнэж байна.
Сэтгэгдэл үлдээх