Хогийн савнаас төрсөн шинэ амьдрал

Д.Халиунаа
2026-02-01

Хуванцар төрсөн бяцхан түүх

Ерөнхий утгаараа хуванцар гэдэг нь полимер нэгдэл болон олон төрлийн химийн найрлагаар бүрдсэн хуйлж, сунгах зэрэг хүссэн хэлбэртээ оруулж болох асар хувирамтгай материал.

Зөвхөн ус, ундааны сав, хүнсний сав баглаа боодлоос гадна хувцас хэрэглэл, автомашины эд анги, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон бүхий л зүйлд агуулагддаг.

Тиймдээ ч дэлхийн хуванцрын хэрэглээ сүүлийн 30 жилд дөрөв дахин нэмэгдэж, 460 сая тоннд хүржээ.

Хаягдсан нь

Улаанбаатар хот төвлөрсөн гурван том хогийн цэгтэй. Нийт хог хаягдлын 50 хувь нь Нарангийн энгэрт байрладаг бол үлдсэн хувийг Цагаан даваа болон Морингийн давааны хогийн цэгт төвлөрүүлдэг байна.

Төвлөрүүлэх гэдэг нь хогийг ландфилл аргаар устгахыг хэлж байгаа юм.

Манай улс энэ аргыг 2007 оноос хойш өдийг хүртэл ашиглаж ирсэн буюу иргэд болон байгаль орчны эрүүл мэнд, хуванцартай хамт хаягдсан байна.

Манай улсад 2024 оны байдлаар нийт 2,610,300 тонн хатуу хог хаягдал байгаагаас хуванцар хог 188,600 тонныг эзэлж байна.

Энэ дундаа жилд ойролцоогоор 18,000 тонн PET төрлийн хуванцар хаягддаг байна. 

Ганцхан ширхэг хуванцар сав гэхэд л байгальд шингэхэд 450 жил зарцуулдаг.

2050 он гэхэд хамгийн түгээмэлд хэрэглэгддэг PP, HDPE, LDPE, PET хуванцрын эрэлт өнөөдрөөс 90 хувиар өсөж, 403 сая тоннд хүрэх төлөвтэй байна. 

Дахин төрөхүй

Хогийг дахин боловсруулах эсвэл шатааж устгах нь хамгийн оновчтой шийдэл гэж салбарын судлаачид үздэг.

Гэхдээ МУИС-ийн Инженер технологийн сургуулийн багш Т.Энхдөл “Хог шатаах явцад байгальд маш удаан задардаг диоксин буюу нөхөн үржихүйн системд сөрөг нөлөө үзүүлдэг хорт бодис ихээр ялгардаг. Манай улс энэхүү хортой агаарын хийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэхгүйгээр хог шатаах үйлдвэртэй болох нь маш аюултай. Харин цэвэрлэх технологи нь маш өндөр өртөгтэй байдаг” гэлээ. 

Иймд дахин боловсруулах боломжтой хаягдлаа ангилан ялгаж, шинэ амьдрал бэлэглэх нь хамгийн оновчтой шийдэл.

Дээрх графикаас харахад сав баглаа боодол нь бусад хуванцрын төрлөөс хэрэглээгээрээ хамгийн бага хугацааг эзэлж байгаа бөгөөд үүгээрээ хуванцар хог хаягдлын хамгийн их хувийг эзэлж байна. Дээр дурдсанчлан энэ их хуванцрын ердөө хэдхэн хувийг л дахин боловсруулж байгаа билээ. Харин ганцхан ширхэг дахиврыг дахин боловсруулснаар 3.87 кг нүүрстөрөгчийн хий, 17.4 л ус, 8.3 гр нефт зарцуулахаас сэргийлэх боломжтой байдаг байна. PET савнууд нь хөнгөн, тунгалаг бөгөөд ихэвчлэн дахин боловсруулах кодтой байдаг тул ялгаж боловсруулахад тун хялбар. Тиймээс ч хог хаягдлын хэмжээг багасгахын тулд дэлхийн улсууд PET хуванцрыг 100 хувь ангилан ялгах, дахин боловсруулах зорилт тавиад буй. 

Дахин боловсруулсан хуванцар хүний биед хортой гэсэн үнэн үү

Хүмүүсийн дунд дахин боловсруулсан хуванцрыг хүнсний савлагаанд ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн буруу ойлголт түгээмэл бий. Гэвч бодит байдал дээр орчин үеийн дэвшилтэт технологи, хатуу хяналт, стандартууд нь хүнсний зориулалттай дахин боловсруулсан хуванцар аюулгүй гэдгийг аль хэдийнээ баталсан билээ.

PET төрлийн хатуу, тунгалаг хуванцраар хийсэн усны савыг таван удаа дахин боловсруулж, хүнсний зориулалтаар ашиглах боломжтой байдаг байна. 

Манай улсын хувьд нийт хуванцар хаягдлыг дахин боловсруулах 20 орчим үйлдвэр байдаг ч түүхий эдийн хомсдол, ангилан ялгалтын соёл дутмаг, цуглуулалт, тээвэрлэлтийн нэгдсэн систем хангалттай хөгжөөгүйгээс үүдэн маш бага хувийг дахин боловсруулж байгаа юм. 

Хууль эрх зүйн орчин 

Хэдийгээр манай улс 2017 онд хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн найруулсан боловч хуулийн хэрэгжилт сул гэдгийг салбарын судлаачид хэлж байна. 

Хог хаягдлыг дахин боловсруулахад уялдаа, холбоо бүхий сайн менежмент хамгийн чухал. 

Хэрэгжүүлэх менежмент гэдэгт хаягдлыг эх үүсвэрээс нь цуглуулж, тээвэрлэж, ангилан ялгасны дараа дахин боловсруулж, харин дахин боловсруулагдах боломжгүй хог хаягдлыг шатаах болон булшлах замаар устгахыг хэлдэг.

Гэтэл манай улсын хувьд энэ менежмент нь “цуглуулах, тээвэрлэх, булшлах” гэдэг дээр гацчихсан байгаа юм.

Хог хаягдлын тухай хуулийн 41.9-д “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна” гэж заажээ. Энэ үйл ажиллагаанд 

  • 41.9.1.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх
  • 41.9.2.Хог хаягдлыг булшлах гэж заажээ. Гэтэл өнөө бидний яриад байгаа хог хаягдлыг дахин боловсруулж, тойрог эдийн засгийг дэмжих менежментийн гол зүйл болох ангилах, боловсруулах гэсэн заалт тусгагдаагүй байна. 

Мөн 

  • 41.10.Хог хаягдал цуглуулж тээвэрлэх үйл ажиллагааг энэ хуулийн 9.2.1-д заасан тарифыг үндэслэн цуглуулж, тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ.
  • 41.11.Хог хаягдлыг булшлах үйл ажиллагааг энэ хуулийн 9.1.4-д заасан тарифыг үндэслэн булшилсан хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ гэж тусгажээ. 

Үүнээс харахад боловсруулахыг огт дэмждэггүй, булшлах системд гол санхүүжилтээ зарцуулж буй нь энэ салбарын удаан хөгжих нэг шалтгаан болж байна. 

2025 оноос айл, өрх бүрээс авдаг хогны төлбөрийг 8000 болгон нэмэгдүүлсэн. Тэгэхээр энэ мөнгө үр ашигтай тойрог эдийн засгийг дэмжсэн системд бус булшилж устгахад зарцуулагдаж буй.

Энэхүү тогтолцооны сорилтуудыг сайжруулахын тулд бидэнд уялдаа холбоо сайтай, урт хугацааны нэгдсэн бодлого шаардлагатайгаас хариуцлагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. 

Эх баригчид

Хууль эрх зүйн орчноос гадна манай улсад энэ салбарын хөгжил муу байгаагийн нэг шалтгаан нь иргэдийн боловсрол. 

Байгаль өөрөө ямар ч хог хаягдал үүсгэдэггүй бөгөөд нэг хүн амьдралынхаа туршид 64 тонн хог хаягдал бий болгож буюу эх барьж, дэлхийд үлдээдэг. Энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд дэлхий дээр 3.8 тэрбум тонн хог хаягдал хуримтлагдах нь Дэлхийн банкны судалгаагаар тогтоогджээ.

Тэгвэл бид эх дэлхийнхээ хөрс рүү, хүний мөс чанарынхаа гүн рүү, хажууд байгаа хогийн сав руугаа өнгийн харах цаг иржээ.

Сайн жишээ

Дэлхий даяар хог хаягдлаа ялгаж, ангилах нь амьдралынх нь өдөр тутмын хэмнэл болсон.

Австри улс нийт хаягдлынхаа 54 хувь орчмыг дахин боловсруулгаараа дэлхийд хоёрдугаарт жагсдаг.

Германчууд ашигласан хуванцрынхаа 99 хувийг дахин боловсруулдаг.

Япончууд жил бүр үйлдвэрлэдэг 9.4 сая тонн хуванцар хаягдлынхаа 25 хувийг дахин боловсруулж, 57 хувиас нь эрчим хүч гарган авдаг.  Мөн аль өдөр ямар төрлийн хогоо хаях нь хүртэл нарийн хуваарьтай.

Жишээ нь даваа гарагт зөвхөн хуванцар, мягмар гарагт зөвхөн шил гэх мэт. Үүний дагуу иргэд хэрэглээд дууссан зүйлээ цэвэрлээд, баглаж цэгцлээд заасан хугацаанд хаяхад л болдог. Хэн ч гадуур хог хаядаггүй бөгөөд цүнхэлж гэртээ ирээд л ангилж хаядаг дадалтай болжээ. 

Эх сурвалж: https://mailmate.jp/blog/trash-in-japan

Энэ мэтчилэн дэлхийд тэргүүлэгч улс орнууд тойрог эдийн засгийг бий болгож, хог хаягдлаа дахин боловсруулах шийдлийг бага багаар нэвтрүүлсээр байгаа нь энэ салбарын өнгө төрхийг сайнаар тодорхойлж байна. 

Харин монголчуудын хувьд энэ дадал, соёл хэр түвшинд байгааг эдгээр зургуудаас харж болно. 

Эдгээр сайн туршлагуудыг нэвтрүүлэхэд иргэн таны хувь нэмэр нэн чухал. Мөн хууль эрх зүйн талаас ангилбал урамшуулна, тэгвэл ингэнэ гэх арга ядсан идэвхжүүлэлтээсээ салж, иргэдийн мэдлэг, боловсролын түвшинд хүрч ажиллах нь илүү үр дүнтэй болов уу. 

Хогийн савнаас

Улсдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн буюу ус, ундааны сав хаягдлыг эргэн цуглуулж, дахин боловсруулдаг сайн жишээ бол 2021 онд М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар бүрэн ашиглалтад орсон “Ти-Эм-Эл” хуванцар (PET) дахин боловсруулах үйлдвэр юм.

Тэд 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүний саваа 100 хувь дахин боловсруулж, эргээд 50 орчим хувийг дахин боловсруулсан түүхий эдээр хийсэн сав баглаа болгох зорилт дэвшүүлээд буй. 

Тус үйлдвэр "SESL Smart Solution" компаниар дамжуулан анхдагч эх үүсвэр дээрээс дахин боловсруулах боломжтой ундаа, усны хуванцар хаягдлыг цуглуулж, олон улсын өндөр технологийн дагуу дахин боловсруулж байна. 

Эцсийн бүтээгдэхүүн болох rPET үрлийг лабораторид шинжилж, хүнсний зориулалтын шаардлага хангасан тохиолдолд ус, ундааны сав болгодог бол шаардлага хангаагүй тохиолдолд нэхмэлийн утас, гялгар хавтас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe