Компьютер, график, дизайнерын мэргэжилтэй, цэл залуухан тэрбээр “Энхбаатар Эрдэнэзаан” сошиал хуудсаараа сагсчидтай сонирхолтой яриа өрнүүлдэг. О.Эрдэнэзаан мэргэжлээрээ ажиллах туйлын хүсэлтэй.
-Ойрд сагсчидтай ярилцлагаа хийж байгаа юу?
-Тиймээ, хоббигоороо өөрийгөө цэнэглээд л явж байна даа.
-Сургуулиа төгссөнөөс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Ажилд орох оролдлого хийв үү. Хэдэн удаа ажлын ярилцлагад орсон бэ?
-Нэгэн жижиг хэвлэлийн үйлдвэрийн ажлын ярилцлагад орсон. Эргэж холбогдоно гээд одоог хүртэл яриагүй. Бас хэвлэлийн эх бэлтгэдэг газартай уулзсан ч мөн л өмнөх үйлдэл давтагдсан.
-Урам хугарсан уу?
-Намайг жаахан байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хүлээн авахад хэцүү байсан бол одоо үед харьцангуй өөрчлөгдөж, үеийн залуус гэхэд огт өөр, эерэг хандлага гаргадаг болсон. Харин ах, эгч нар л өөрчлөгдөөгүй юм шиг санагддаг.
-Жишээ нь?
-Харилцаа, хандлагаараа “Чи чадахгүй дээ. Бараг ингэж явахаар гэртээ л байсан нь дээр юм биш үү ” гэх мэдрэмжийг өгдөг. Тэр үед гутармаар, бас гунигтай байдаг. Гэтэл би чинь сургуулиа төгсчихсөн, мэргэжлээрээ ажиллаж ээж, дүү нартаа нэмэр болмоор байна шүү дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ л суух ёстой мэт хэвшмэл ойлголт нийгэмд хэвээр байна уу?
-Тийм ээ, бидний тасалгааны ургамал шиг л боддог. Гэтэл Солонгос, АНУ гэх мэт гадны орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй энгийн хүн шиг харилцаж, даах ачааллыг нь үүрүүлдэг. Харин манайд тэр тогтолцоо сууж амжаагүй юм болов уу.
-Найзууд нь ажилд орсон, эсвэл бүтэлгүйтсэн талаараа ярьж байсан уу?
-Манай найз арван жилийн 15-16 насны хүүхдүүдэд хувиараа компьютерын хичээл заадаг байв. Гэтэл гэнэт ажлаасаа гарчихсан. Яасан гэхээр хүүхдүүд гаднах үзэмжээр нь шоолж, зарим нь ийм багшаар заалгахгүй гэсэн юм билээ. Тухайн үед надруу залгаад зөндөө уйлж байсан. Хэсэг тайвширсны дараа надад “Ер нь хэлээ сайжруулаад гадагшаа гарч амьдрахаа л бодъё” гэж хэлсэн.
-Та бүхнийг төлөөлж УИХ-д суугаа гишүүд хамгийн түрүүнд юу хийгээсэй гэж бодож байна?
-Жижгээс эхлээсэй гэж хүсэж байна. Ядаж л аюулгүй зорчих замыг минь шийдэж өгөөсэй. Бид бусдын адил чөлөөтэй, тайван зорчиж чадахгүй байна. Зам маш их халтиргаатай байна. Автобусны шатаар гарахад амаргүй байна. Эхлээд анхдагч хэрэгцээг минь хангасны дараа том асуудал руу ороосой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төвийн бичиг хэргийн ажилтан Ш.Ирээдүй эдийн засагч мэргэжилтэй. Сургуулиа төгссөнөөсөө хойш 17 жилийн турш мэргэжлээрээ ажиллахаар оролджээ...
-Та санхүүгийн мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж байв уу?
-Би 2008 онд эдийн засгийн мэргэжлээр төгссөнөөс хойш ажил хайсан. Миний хувьд тэргэнцэр дээр суудаг тул өч төчнөөн банк, жижиг газруудад хандсан. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон нийтийн дунд ажиллуулах хандлага сул байв. Хөдөлмөр халамж үйлчилгээний төвд өч төчнөөн анкет бөглөсөн ч ажилд орж чадаагүй, мэргэжлээрээ ч ажиллаагүй. 2013 оноос төрийн бус байгууллагууд болон жижиг компаниудад хэсэг ажилласан. Зарим газарт ажлын орчны хүртээмж муу, заримд нь цалингаа хугацаандаа өгөхгүй зэрэг шалтгаанаас больсон. Мөн ээжийн үүргээ гүйцэтгэж 10 орчим жил гэртээ суусны эцэст 2020 оноос төрийн байгууллагад үүдний угтагчаар жил орчим ажиллаж үзсэн. Гэвч өвчний улмаас ажиллахаа больсон. Харин 2022 оноос Бизнес инкубатор төвд хөдөлмөрийн нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж, энэ байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллаж байна даа.
-Мэргэжлээрээ ажиллаж чадаагүй гол шалтгаан нь юу байв?
-Нэгдүгээрт, хүртээмжийн асуудал, хоёрдугаарт, ажил олгогч нарын хандлага нөлөөлсөн. Ажил олгогч нар биднийг ажилтан бус өвчтөн гэж хардаг байв. Бүр төрийн халамжийн мэргэжилтэн хүртэл “Чи ажлаа хийж чадахгүй юм чинь гэртээ суувал яасан юм” гэж хэлсэн нь санаанд тод үлджээ.
-Ажил олгогчтойгоо ойлголцоогүй шалтгаанаар ажлаас гарсан тохиолдол бий юу?
-Төрийн үйлчилгээний ажил хийж байхдаа өдөрт найман цаг зогсоо зайгүй ажиллана. Дарга нар яг л эрүүл хүн шиг ачаалах шаардлага тавина. Өөрөөр хэлбэл миний өвчнийг харгалзаж, жаахан ч гэсэн ойлгож харьцдаггүй байсан. Тухайн үед ковидоор өвдөж, суурь өвчин сэдэрсэн бөгөөд хэсэг чөлөө авах гэтэл чиний оронд хэн ажиллах юм гэх хандлагаар хүлээн аваагүй. Том дарга нар нь наад хүнээ бага ачаалуулж, ганц хоёр цаг амраагаарай гэх боловч дунд шатны удирдлагууд дэмждэггүй байв. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байлаа.
-Чадамждаа тохирсон ажилд орж чаддаггүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нийтлэг асуудал юм шиг ээ?
-Тийм шүү. Эндээс дүгнэхэд ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зөв зохистой ажлын байранд тавих шаардлагатай юм байна гэж бодсон. Оюуны, тулгуурын, сонсголын, харааны гээд бэрхшээлүүд ялгаатай шүү дээ. Тэр болгон дээр ажил олгогч нар маань мэдрэмжтэй байж, ямар ажлын байранд ямар тусгай хэрэгцээт иргэнийг тавихаа тооцоолж, сайтар ярилцах хэрэгтэй юм билээ.
М.Сумъяабэйс 23 настай. Тэрбээр 2020 онд Өмнөговь аймгийн мэргэжил, сургалтын коллежийг Барилгын засал чимэглэлчин, 2023 онд Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ерөнхий төвд Комьпютер, графикийн мэргэжил эзэмшжээ.
-М.Сумъяабэйс хоёр мэргэжил эзэмшжээ. Мэргэжлээрээ ажилласан уу?
-2020 оноос хойш байгууллагуудад үндсэн бус барилгын материал буулгах гэх мэт туслах ажлууд хийдэг байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгал төлүүлэхгүй, гэрээ хийлгүйгээр цалингаа гар дээрээ авдаг байсан.
-Яагаад хотод ирэхээр болов?
-Би чинь бөөр нурууны өвчтэй болохоор барилгын засал чимэглэлийн ажил удаан хийж чаддаггүй. Тэгээд алийн болгон ийм ажил хийх вэ гэж хотод орж ирээд хоёр дахь мэргэжлээрээ сурсан ч яг үнэндээ ажиллаад, гоё амьдраад байгаа юм алга. Хотод яг өөрийн гэсэн гэр оронгүй, түрээсийн байр дамжаад л явж байна.
-Яг ямар ажил хиймээр байна?
-Биед ачаалал бага гэхээр байгууллагын программ хангамжийн ажил хийж болж байна. Би чинь ангидаа гайгүй сурлагатай оюутан байсан бас өөрийгөө сайн ажиллана гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Хэрэглээний программ хангамжийн мэргэжлээр ажиллах сонирхолтой.
-Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд оръё гэвэл бүх шат дараалал нь ойлгомжтой, хялбар байж чадаж байна уу?
-Хэлж мэдэхгүй юм даа. Ажилд зуучилдаг хэдхэн газар байдаг. Гэвч хүртээмжгүй, өдөр хоногийг өнгөрөөсөн, үр дүнгүй, хүний цаг завыг үрсэн санагддаг. Хааяа ажлын байр гарлаа гээд дууддаг ч ихэнхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах шаардлагатай гэх сургалтад суулгаад, туг тахичихдаг.
-Монгол улсад хууль, орчин, дэмжлэг талаасаа юу хийж, юуг өөрчилбөл та бүхэн бусдын адил ажиллаж, амьдрахаар байна вэ?
-Нарийн хэлж мэдэхгүй байна. Харин нэг бодол бий. Манай Өмнөговь бусад аймагтай харьцуулбал жижиг, том уурхай ихтэй. Тэдгээр уурхай аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ 14 хоног ажиллуулаад 14 хоног амраадаг бол сайн дэмжлэг, сайн хүртээмжтэй ажил болох юм болов уу гэж боддог.
-Цаашдын зорилго юу вэ, хотод суурьших уу?
-Тогтвор суурьшилтай ажилд ормоор байна. Дараа нь байр, машин тэрэг гээд олон зүйлийг өөрийн хүчээр босгомоор байна. Гэвч ирсэн хугацаандаа ажилд орж чадсангүй, олон газрын ярилцлагаас нэг нь ч дуудсангүй. Яг үнэндээ итгэл барагдсаан. Зүгээр л Өмнөговь руугаа буцлаа.
Хүний энгийн хэрэгцээ болох ажиллаж, амьдрах эрх ТЭДЭНД мөрөөдөл хэвээр байгаа нь харамсалтай.
Өнөөдөр Монгол улсад 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 89 мянга нь хөдөлмөрийн насных. Гэтэл ердөө 18 хувь нь л ажил эрхэлж байна. Үүнийг тоонд хувилбал, 16 мянга орчим нь ажиллаж, үлдсэн 73 мянга нь ажиллах хүслээ тээн гэртээ өдөр хоногийг өнгөрүүлж байгаа юм.
Хөдөлмөрийн хуулийн 144.2 –т “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна” гэж заасан.
Мөн хуулийн 144.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 144.2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө” гэжээ.
Монгол улсад 25-аас дээш ажилтантай 8000 гаруй аж ахуй нэгж байгаагаас 800 орчим нь энэ төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг гэж албаныхан ярьж байна.
Гэтэл 2025 онд уг санд ердөө 3.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шилжүүлжээ. Энэ тоо, ажил эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөрүү их байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүйг илтгэж байгаа юм.
Цөөнгүй албан байгууллагатай уулзаж “Яагаад хуулийнхаа дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахгүй байна вэ?” гэх асуултад тэд,
-Дөнгөж хөлөө олж яваа компаниудад төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тулган шаардлагыг хүчээр өгдөг,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь бидний шаардлагад хүрдэггүй,
-Тэдэнтэй хэрхэн ойлголцох, хамтран ажиллах учраа олдоггүй,
-Хаанаас хэрхэн, шаардлагадаа нийцэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн олохоо мэддэггүй гэх мэт нийтлэг хариулалтыг өгч байв.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцдаг, чадвахижуулдаг, тэднийг зохих ажлын байрт холбон зуучилдаг мэргэжлийн хүмүүсээс дээрх асуултын хариултыг авлаа.
Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургагч багш, Хүртээмжийн олон улсын мэргэжилтэн Б.Батцэцэг: Ажлын байрны дадлагажуулагчийн оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнажилгүйдлийн асуудлыг шийдэх боломжтой
ААН-үүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар мэдэхгүй бас ойлголтгүй байдаг учраас аргаа олохгүй нь бий. Хэтрүүлээд харилцвал эрхийг нь зөрчих юм болов уу гэж болгоомжилдог. Зарим нь энэ айдсаасаа болж, ажилд авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ улам бөөцийлөн даврааж, улмаар хамтрахаас халширдаг. Мөн ажлын орчныг нь бэлтгэж, тохируулгыг нь хийнэ гэхээр их мөнгө гаргах юм болов уу гэж айдаг. Сүүлийн үед байгууллагууд Хөдөлмөрийн хуулиа хэрэгжүүлэхийн тулд бэлтгэгдсэн хүн байна уу, ажилд авъя гэдэг болчихсон. Тэгэхээр энд Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч хоёрыг холбосон, тэнцвэртэй дэмжлэг үзүүлэх ажлын байрны дадлагажуулагчийн орон зайг системтэйгээр бий болгох шаардлага тулгарч байна. Ингэснээр тэдний тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхөдөлмөрийн асуудлыг шийдэх, ажил олгогч, ажил хайгч хоорондын үл ойлголцолыг бууруулж, амжилттай хамтрахад дөхөм болох юм. Ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоо (Job Coach) ихэнх оронд хэдийнэ хэрэгжсэн байдаг.
Түгээмэл загвар, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зарчмын эксперт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оролцооны зөвлөх В.Ойдов: Квотын системийг нэвтрүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боловсруулах ажлыг орхигдуулснаас Хөдөлмөрийн хууль хангалттай хэрэгжихгүй байна
Квотын системийг Монголд нэвтрүүлэхэд оролцож явсан. Энэ системийг анх ILO буюу Олон улсын хөдөлмөрийн байгууллага бүтээсэн. Хоёр тал буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч нар бие биенээ мэдэхгүй учраас хүчээр “харилцан танилцуулах” бодлого баримталсан. Мэдээж үүнийгээ дагаад боловсон хүчний асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл квотын системтэйгээ зэрэгцэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд реформ хийж, чадвахижуулах ёстой байсан. Ингэж нэг бүхэл болох байсныг манайхан талыг нь хэрэгжүүлээд талыг нь орхичихсон гэсэн үг. Үүний уршгаар компаниудад баахан бэлтгэгдээгүй хүн “шахдаг” ажил болж хувирсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахад асуудал үүсэж, хууль бүрэн хэрэгжих боломжгүй болсон.
Ажлын байрны дадлагажуулах бэлтгэх сургагч багш, Хөдөлмөрийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Г.Осоржалам: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тогтвортой ажиллаж чаддаггүй нэг шалтгаан бол хүний нөөцийн ажилтан чадавхжаагүй явдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тогтвортой ажиллаж чаддаггүй гол шалтгаан бол хамт олны уур амьсгал. Хүний нөөцийн дэмжлэг байгаад албаны дарга, бусад ажлын хүрээлэл тухайн хүнийг мэдэрч, хүрээлэхгүй л бол урт удаан оршин тогтнохгүй гэсэн үг. Мөн хүний нөөцийн мэргэжилтэн туршлага багатай, хүнээ буруу үнэлсэн тохиолдолд, тохирсон ажилд тавиагүйгээс бүтэлгүйтэх нь бий. Тиймээс байгууллагуудын хүний нөөцийн алба нь ажлын байрны дадлагажуулагчийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах талаар суралцаж, тэдний бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажлын байрыг санал болгох нь чухал.
АПУ ХК-ийн Сонгон шалгаруулалт, хамтын ажиллагааны албаны дарга Г.Гантөгс: Бид хуулиа амжилттай хэрэгжүүлэхийн тулд 296 ажлын байрандаа тохируулгын үнэлгээ хийлгэсэн
Анх Хөдөлмөрийн хуулийн 144.2 заалтыг аж ахуй нэгжүүд хэрэгжүүлж эхлэх үед зах зээлд бэлтгэгдсэн боловсон хүчнийг хаанаас, хэрхэн олох нь маш бүрхэг, ойлгомжгүй байсан. Ямар ч ойлголтгүй, төлөвлөгөөгүй, сохроор хэрэгжүүлэх гэж оролдох үед олон бүтэлгүйтэлтэй тулсан. Бидэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах, хамтран ажиллах, ажлын орчныг бий болгоход туршлага байгаагүй. Нөлөө талаас ажлын шаардлагад нийцэх, бэлтгэгдсэн хүн олох амаргүй байв. Хуулиа хэрэгжүүлсэн нэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлуулаагүй атлаа хөдөлмөрийн доод хэмжээгээр цалинжуулах, эсвэл улсад нөхөн олговор төлөх сонголт байсан. Гэвч бид үүргээ ухамсарлан энэ чиглэлээр шинэлэг арга барилаар ажиллахыг зорьж байгаа. Рехтус ХХК-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор нь ажлын байраар хангах, ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, өөрсдөө хүний нөөцийн чадавхиа бойжуулах зэрэг шат дараалсан төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд квотын системийг дутуу дулимаг нэвтрүүлснээс үүдэн хувийн хэвшлийнхэнд багагүй дарамтыг учруулсан. Өөрөөр хэлбэл зах зээлд оюун санаа болон мэргэжлийн хувьд бүрэн бэлтгэгдээгүй хүний нөөцийг шахаж, худалдан авахгүй бол улсад татаас өгөхийг хуульчилсан. Уул шугамандаа юун түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургуулийн өмнөх боловсролын шатнаас бэлдэж, хөгжүүлж, иргэдийн дунд ажиллаж амьдрах сэтгэлзүйг бэлдсэнийхээ дараа энэ системийг хэрэгжүүлсэн бол аль аль талдаа өгөөжөө өгөх байсан.
Гэсэн ч аж ахуй нэгжүүдийн хувьд хуулиа хэрэгжүүлэх, хүний нөөцийн асуудлаа шийдэхийн тулдтөрийн оромдсон ажлыг өөрсдийн хүчээр нөхөх оролдлогуудыг, тогтолцооны өөрчлөлтийг хийж эхэлжээ. Өнөөдөр хамгийн амжилттайгаас нь буюу АПУ ХК-ийг онцолъё.
Тус компани группын хэмжээнд 28 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг. Гэсэн ч энэ тоо нь хангалттай байсангүй. Хуулийнхаа дагуу илүү их иргэнийг хамруулах, ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд Рехтус ХХК-тай хамтран АПУ 1: Тэгш хүртээмжтэй ажлын байр, АПУ 2: Тогтвортой ажлын байр, АПУ 3: Тогтвортой өөрчлөлт зэрэг багц гурван төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд компанийн 296 ажлын байрыгмэргэжлийн экпертүүдээр үнэлүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллахад эрсдэлгүй, бүтээмжтэй байлгах өөрчлөлтийг хийжээ. Одоогоор 10 ажлын байранд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлсэн бодит өөрчлөлтийг бий болгосон байна. Мөн эдгээр ажлын байран дахь удирдлага, албан хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцаж, ойлголцох, тэдний сэтгэлзүйг таниулсан анхан шатны сургалтад хамруулсан аж. Мөн ажилд орохоор ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ажил олгогч хооронд тэнцвэртэй зөвлөн туслах ажлын байрны дадлагажуулагч нартай хамтарч эхэлжээ.
Энэ төсөл нь цаашид үргэлжлэх бөгөөд группын хэмжээнд бүх ажлын байрыг ээлтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүн зориод ирэхэд ажлын байрны дадлагажуулагчийн оролцоотойгоор, хуульд нийцүүлэн тэдэнд тохирсон ажлаар хангах, цаашлаад мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар АПУ компанийн Сонгон шалгаруулалт, хамтын ажиллагааны албаны дарга Г.Гантөгс ярьсан юм.
Ажлын байрны дадлагжуулагчийн үнэ цэнийг нийгэмд бий болгож, үр өгөөжийг нь Монголын топ аж ахуй нэгжид анхлан системтэйгээр харуулж буй Рехтус компанийн оролцоог энд онцлох нь зүйтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтолцоогоор нь өөрчлөх энэхүү төслийг АНУ-аас ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог Японд анх нэвтрүүлсэн Огава Хироши хэмээх эрхэм “Бид олон жил энэ асуудлыг зөвхөн нэгж ажлын байрны хүрээнд л хардаг байсан. Улмаар 20 жилийн дараагаас бүтэн компани буюу эко системээр авч үзэх ёстойг ойлгосон. Харин АПУ компанид хэрэгжүүлж буй төсөл цаг үеэсээ түрүүлсэн ажил боллоо” гэж дүгнэжээ.
Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр хүний эрхийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний зовлон жаргалыг сонссон. Улмаар Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд тохируулагч агентлаг болгон өөрчлөх талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийх энэ засгийн эхний алхам нь тэднийзах зээлд үнэлэгдэх, нүүр бардам ажиллаж амьдрахад нь түлхэц үзүүлэх боловсролын реформ байгаасай.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл үлдээх