Монголын боловсролын салбарт 29 жил тасралтгүй хөрөнгө оруулж буй Анита Фарни

Г.Энэбиш
2026-02-02

Анита Фарни 1998 оноос хойш Монгол Улсын боловсролын салбарт идэвхтэй хувь нэмрээ оруулж, хүүхэд, багш, их дээд сургуулиудыг холбосон урт хугацааны бодит үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн олон улсын боловсролын зүтгэлтэн.

Монгол хүүхдүүдийн амьдрал, тулгамдсан асуудлыг хүүхдийн хэлээр, хүүрнэл өгүүлэмжийн хэлбэрээр бичсэн ном бүтээлүүдийг англи, монгол хэлээр хослуулан хэвлүүлж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй хүргэсээр иржээ.

Өнөөдрийн байдлаар ADMON хэвлэлийн компанитай хамтран 14 ном хэвлүүлж, давхардсан тоогоор 500 орчим номыг 8 аймгийн бага ангийн сурагчдад түгээсэн байна.

Түүний бүтээлүүд болох “Туяагийн аялал”, “Пүүжээгийн хүсэл” зэрэг ном нь Монгол хүүхдүүдийн бодит амьдрал, нийгмийн орчныг тусган харуулахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэл, архины хамаарал, шударга бус байдал, авлига, багшлах арга зүй, байгаль орчны хамгаалал зэрэг сэдвийг хүүхдүүд хоорондоо ярилцаж, ойлгох боломжийг бүрдүүлдэг онцлогтой.

15 дахь номоо байгаль орчны асуудал болсон зуд, ган, усны хомсдол, цөлжилтийн сэдвээр, байгаль орчны багштайгаа ярилцаж буй дунд ангийн сурагчийн яриа хэлбэрээр бэлтгэж байгаа бөгөөд уг бүтээлийг Монгол Улсад зохион байгуулагдах COP17 хурлын хүрээнд танилцуулахаар зорьж байна.

Түүний санаачилсан гадаад хэл болон багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийн хүрээнд:

  • 200 орчим монгол оюутан Швейцарь улсад суралцсан.

  • 150 гаруй багш Герман, Англи хэлний сургалтад хамрагдсан.

  • 25 контейнер сургалтын хэрэглэгдэхүүн

  • 500,000 гаруй ном, сурах бичиг Монгол Улсад хандивласан байна.

Мөн сүүлийн 20 гаруй жил Монголын их сургуулиудтай хамтран ажиллаж, англи, герман хэл дээрх 450,000 орчим номыг их, дээд сургуулиудад хандивлажээ.

Анита Фарни “Хүүхдэд нас, түвшинд нь тохирсон, сонирхол татахуйц ном л бодит үр дүн авчирдаг” хэмээн онцолдог.

Анита Фарни нь: Монгол Улсын Их Сургууль, Ховд Их Сургуулийн хүндэт доктор, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Олон улсын Тахь (International Takhi Group) бүлгийн удирдах зөвлөлийн гишүүн.

АНУ-д төрж, бакалаврын зэргээ хамгаалсан ч 50 гаруй жилийн турш Швейцарь улсад ажиллаж, амьдарч буй Анита Фарни Монголын боловсролын салбартай яагаад холбогдсон тухайгаа “Боловсролгүйгээр хувь хүний хөгжил, улсын хөгжлийг ярих боломжгүй. Тиймээс боловсролоор дамжуулж ажиллах нь хамгийн зөв зам” хэмээн тодорхойлсон байдаг.

Түүнтэй багахан хугацаанд ярилцсан тэмдэглэлээс хуваалцаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe