2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны өмнөх улс төрийн нөхцөл байдал, “цагаан сонгууль”-ийн уриалга, маргаантай аудио бичлэг болон нэр дэвшигчдийн амлалтуудын талаар гадаадын түншүүдэд зориулан бэлтгэсэн дотоод имэйл АНУ-ын Хууль зүйн яамнаас олон нийтэд нээлттэй болгосон Epstein Library архивт багтсан байна.
Ил болсон имэйлээс харахад, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялагдсан МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар “цагаан сонгууль” явуулах уриалга гаргасан бөгөөд уг санаачилгыг тухайн үед эрх барьж байсан МАН дэмжиж эхэлсэн.
Тухайн үед АН-ын зарим гишүүд “ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож чаддаггүй” хэмээн үзэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Ерөнхийлөгчийг УИХ-аар сонгодог тогтолцоонд шилжих шаардлагатай гэсэн байр суурийг олон нийтэд илэрхийлжээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн энэ санаачилгыг “төрийн эргэлттэй дүйцэхүйц үйлдэл” хэмээн шүүмжилсэн байна.
Имэйлд мөн 2017 оны сонгуулийн үеэр олны анхаарал татсан 90 минутын аудио бичлэгийн талаар дурдсан байна. Нью-Йорк хотод байрлах дуу авианы бие даасан шинжээч байгууллага уг бичлэгийг жинхэнэ гэж дүгнэсэн ч Монголын шүүх уг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж, эхлээд жинхэнэ, дараа нь жинхэнэ бус гэж тогтоосон талаар тэмдэглэжээ. Харин МАН уг бичлэгийг эвлүүлэг, засварласан аудио хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Сонгуулийн хоёрдугаар шат 2017 оны долоодугаар сарын 7-нд явагдахаар товлогдсон бөгөөд Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад, дотоодод санал хураалт зохион байгуулахад бүрэн бэлэн байгаагаа мэдэгдсэн талаар мөн мэдээлжээ.
Түүнчлэн Ардчилсан нам тухайн үед Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдвол иргэдийн хэрэглээний зээлийг өршөөнө гэж мэдэгдсэнийг уг имэйлд дурдсан байна. Үүнийг тухайн оны эхээр томоохон аж ахуйн нэгжүүдийн өрийг өршөөсөн шийдвэртэй дүйцүүлэн тайлбарласан.
Тус тайланг илгээсэн Ганбат Чулуунхүү нь АНУ-д төвтэй RVJ Capital компанийн захирал бөгөөд Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг гадаад түншүүдэд тогтмол тайлагнаж ирсэн шинжтэй байна. Түүний илгээсэн мэдээллүүд нь сонгуулийн үеийн эрсдэлийн үнэлгээ хэлбэртэй байна.
Мөн уг мэйлтэй хавсаргагдсан өмнөх мэйлд "Миний зүгээс Оросын тал дээр ажиллаж байна. Монгол дахь газар дээрх ажлын талаарх мэдээллийг доор хүргэж байна" зэргээр бичиж байжээ.
Сэтгэгдэл үлдээх