Рио тинтогоос авсан 20 сая ам долларт дүрэгдсэн үл үзэгдэх "гар"

Ц.Чимэдцэеэ
2026-02-04

Энэ бүхэн Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилсноос л боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яам гэх төрийн төв байгууллага 10 жил дараалан засаг барьсан МАН-ын дотоод хагарлыг илчлэх үүд хаалга болов.

Хаалганы түлхүүрийг “хар муур” хочит Б.Энхбаяр 2023-2024 онд атгаад, алдсан бол 2024-2025 онд АН-ын гэх О.Алтангэрэл, түүнээс 4 сарын хугацаанд “гэм хоргүй” Б.Мөнхбаатарт шилжиж, 2025 оны 10 дугаар сарын 25-аас Б.Энхбаярт буцав.

“Хуулийн хулгайтай тэмцэнэ” уриатай Б.Энхбаяр энэ бүх хугацаанд намын нөхдөө хатгасан, хулгай, луйврыг нь илчилнэ гэх агуулга илэрхийлсээр ирсэн нь дээрх хаалганы цаадхыг харж, Хөгжлийн банкны, Нүүрсний гэх хоёр ч сонсгол зохион байгуулж, нотлох баримт судлан шинжилсний дүн.

Тиймдээ ч түүнийг МАН-ын их хагарлын зурвас, зураас болох Г.Занданшатарын Засгийн газарт багтах хөшүүрэг болсон.

Сайдын суудлаа алдсандаа хий гоморхож байна гэх олны шүүмжлэлийг өнөөдөр улс төрийн тавцанд, олны нүдэнд жадлуулах гол сэдэв хүртэл хөрвүүлж чадсан Б.Энхбаярын илбэ шид дараах өрнөлтэй.


Нууц эвлэрлийн гэрээ

Өнгөрөгч сарын сүүл өдрүүдэд Б.Энхбаяр Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо 2024 оны 11 дүгээр сарын 12-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ИБУИНХУ-ын иргэн Марис Даффи, Ричард Боули нартай “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсан тухай олон нийтэд дэлгэсэн.

Гэрээний нөхцөл нь Монгол Улсын зарим төрийн албан тушаалтанд хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгах, цаашид ижил утга, агуулгатай мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байх үүргийг харилцан хүлээж, Монголын талаас 468,008.22 фунт стерлинг буюу 2.29 тэрбум орчим төгрөг шилжүүлсэн тухай юм.

Энэ нь нэгэнтээ өмнөх буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамаарах ба хууль бус гэж үзэх боломжтой хэд хэдэн үйлдлээр илэрснийг дараагийн хэсэгт өгүүлье.

Харин цагдаагийн байгууллагаар шалгуулж буй гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудалд дээрх нэмэлт материалыг хүргүүлж буй албан бичиг байсныг дурдах хэрэгтэй.

Б.Солонго хариу болгон цахим сүлжээнд оруулсан мэдэгдэлдээ дээрх хоёр иргэн нь Рио Тинто компанийн хууль бус, ёс зүйгүй үйл ажиллагааг илчилж байсан шүгэл үлээгч нар ба тэдний өгсөн мэдээлэл 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэхэд бодит хувь нэмэр оруулсан буюу дээрх гэрээ үр дүнтэй байсан гэв.

Тухайлбал, Ричард Боули нь гүний уурхайн бүтээн байгуулалтын бодит байдлыг хөрөнгө оруулагчдаас нууж байсан асуудлыг илчилсэн бол Маурис Даффи нь Рио Тинтогийн авлига, комплайнсын эрсдэлийг олон жил анхааруулж байсан стратегийн зөвлөх хэмээжээ. Б.Солонгоогийн бүтэн мэдэгдлийг нийтлэлийн төг

сгөлд хавсаргалаа.

Тэгвэл тус хоёр иргэний үйл ажиллагаатай холбоотой нэрээ нууцалсан материал манай редакцад ирлээ.

Рио Тинтогоос Эрдэнэс Оюу толгойг чадавхжуулах, түүнийг хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларыг Эрдэнэс Оюу толгой компанид өгчээ.

Энэ үйл явдалд нэр дурдсан гадаадын хоёр иргэн нөлөөлсөн ба энэ тухайгаа “2021 онд би, Рио Тинто-ийн зөвлөхийн хамтаар Рио Тинто-оос Эрдэнэс Оюу толгойд Оюу Толгой  төслийг удирдах чадавхыг бий болгоход зориулж 20 сая ам.долларыг дөрвөн  жилийн хугацаанд буюу улирал бүр 1.25сая ам.доллар төлөх төлбөрийн бүтцийг бий болгож өгсөн” хэмээн тодотгосон байна.

Гэтэл дээрх мөнгийг анхны тохиролцсон буюу албан бус хэлэлцээрийн түвшний зорилгоос гажуудаар гадаад сурталчилгаа, Монгол хаан жүжиг, халхавч компаниудаар дамжуулан үрж дууссан хэмээн тус бичигт дурдсан.

Товчхондоо дээрх мэйл бичигчийн үзэж буйгаар 20 сая ам.долларыг тэр чигт нь дээрх хоёр хүнээр дамжуулан дөрвөн жилийн хугацаанд Эрдэнэс Оюу толгойн хүний нөөцийг сургаж, чадавхжуулах, төслийн удирдлагын хяналт, систем нэвтрүүлэхэд л зарцуулах ёстой байжээ. Мөн уг асуудалд УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын нэр дурдагдсан ба түүнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн тухайгаа ч илэрхийлжээ.

Бичиг илгээгчийг Ричард Боули гэж таамаглаж буй ба бүрэн эхийг мөн төгсгөлд хавсаргав.


Б.Энхбаярынхаар хуулийн хулгай

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-нд уг асуудлаар Б.Энхбаяр хэвлэлийн бага хурал зарлан дараах мэдээллийг өгч байжээ.

2021 оны 11 дүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаар гадаад хөрөнгө оруулагчтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг “Эрдэнэс Оюу толгой” компанийн дараа жилийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг компанийн удирдлагад даалгасан байна.

Үүнээс ердөө нэг хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-нд Засгийн газрын зүгээс 20 сая ам.долларыг ямар зорилгоор зарцуулах шийдвэрийг урьдчилан гаргасан байхад “Эрдэнэс Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Монгол Улсын Засгийн газарт уг мөнгийг дөрвөн жилийн хугацаанд жил бүр таван сая ам.доллароор шилжүүлэн, төслийн хяналт болон зөвлөх үйлчилгээний нэрээр зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Ингэснээр 2900-3000 багшийн 2025 оны есдүгээр сарын байдлаар 1,484,000 төгрөг байсан үндсэн цалинг 2026 ондоо 3,500,00 болгох боломжтой мөнгөн дүнг Засгийн газрын тодорхой тогтоол, ил тод баталгаагүйгээр  компанийн зүгээс шууд шилжүүлэх суурь нөхцөл бүрдсэн юм.

Дараагийн жилүүдэд уг 20 сая ам.доллар нийт 11 багц гэрээгээр дамжин зарцуулсан. Үүнд дээрх дурдсан хоёр иргэнтэй байгуулсан гэрээ болон “Атикус Партнерс” нэртэй компаниар Монгол хаан жүжгийн сурталчилсан зэрэг зардлууд багтаж байгаа.

Эдгээр гэрээнүүд нь ажил үүрэг тодорхойгүй, биелэлтийг үнэлэх шалгуургүй, талуудын эрх үүрэг тэнцвэргүй, гарын үсгийн жинхэнэ эсэх нь хүртэл эргэлзээтэй хэмээн Хууль зүйн яам урьдчилсан байдлаар дүгнэсэн.

Мөн давхар гэрээгээр нэг ажлыг олон удаа санхүүжүүлэх, нотлогдохгүй их хэмжээний мөнгийг шилжүүлэх схем илэрсэн гэжээ.

Хамгийн ноцтой нь, эдгээр их хэмжээний төлбөрүүд 2021–2022 онд Засгийн газрын тодорхой шийдвэргүйгээр аль хэдийн гарсан атлаа 2024 оны зургаадугаар сарын 6-нд буюу сонгуулийн ид үеэр Засгийн газрын хаалттай хуралдаанаар уг зөвлөхүүдийн төлбөрийг нөхөж зөвшөөрсөн тэмдэглэл гаргуулсан явдал.

Хууль зөрчин гарсан зардлыг гурван жилийн дараа Засгийн газрын шийдвэрээр “хууль ёсны мэт” болгох оролдлого хийсэн нь хурлын тэмдэглэл, протоколуудаар нотлогдож байна.

Энэхүү асуудал өргөн хүрээтэй болж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хадгалагдаж байсан олон арван нууцын зэрэглэлтэй бичиг баримт илэрсний улмаас 2025 оны 11 дүгээр сарын 4-нд ажлын хэсэг байгуулагдаж, Тагнуулын ерөнхий газраас нууцаас гаргах боломжтой гэсэн дүгнэлт гаргасны үндсэн дээр мөн сарын 11-нд бүх материалыг ил болгох хамтарсан тушаал гарсан байна.

Ингэснээр “Эрдэнэс Оюу толгой”-гоос гарсан 20 сая ам.долларыг зарцуулсан нь Засгийн газрын шийдвэргүй шилжүүлэг, тодорхойгүй гэрээнүүд, ашиг сонирхлын зөрчил, мөнгө угаах шинжтэй үйлдэл, улмаар Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй ноцтой асуудлуудын цогц хэлбэр байсныг баримтаар ил болгох хууль зүйн боломж бүрджээ.

Эдгээр гурван томоохон багц зөрчлийг мөрдөн шалгуулж, хаашаа, хэрхэн үрж, дүрж дуусгасан "үл үзэгдэх гарыг" тогтоолгохоор ажиллаж байна. МАН-ын дотоод асуудал, гадаад хулгай ийнхүү илчлэгдсээр.


Авсан бид 10 тамтай

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн нөхцөлд Оюу толгойн бүлэг ордыг ашиглахтай холбоотойгоор Рио Тинтотой зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр хийхээр ажиллаж буйгаа удаа дараа мэдэгдэж байна.

Оны өмнөөс яригдсан энэхүү асуудалд доголон нулимс нэмэрлэсэн "эгэл бор хүү" Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсголыг ахлан анхаарал татаад амжсан.

Түүний цахим хуудсыг эргүүлэхэд, Рио Тинто хэмээх 15 толгойт атгаалжин хар мангас манай улсыг хэрхэн цөлмөж буй талаар барагтайхан ном уншсан дайны мэдээлэлтэй болно. Үр дүн ч эхнээсээ тодорч, хэдийн эх орны хайртай хүү болоод амжсан.

Тэгвэл харах өнцгөө жаахан өөрчлөхөд энэ бүхэн эсрэгээрээ ажээ.

Рио Тинто муу байж болох ч манай улс долоон дор аашилсныг тэднээс авсан 3000 багшийн цалинг 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхтэй дүйхүйц мөнгийг дээрх байдлаар зарцуулсан нь харуулж байна.

Одоогоор дээрх мөнгөнөөс зориулалтын дагуу ашигласанд тооцож болох нь Эрдэнэс Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал асан, одоогоор АТГ-т шалгуулж буй Э.Ганхүүгээс newsroom.mn сайтын тодруулснаар 8.2 тэрбум төгрөгийн барилга худалдаж авсан зардал.

Уг барилгыг Би Си Эм Эм ХХК-аас худалдаж авсан байна. 2022 онд "уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээс, худалдаа" чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ гэсэн улсын бүртгэлтэй энэхүү компанийн эцсийн өмчлөгч Kim Yongsun гэх гадаад иргэн бол Гүйцэтгэх захирал нь Валдимер Ганбаатар гэх хүн байна. Тус компани төрийн 19 тендерт оролцож, 9-д нь шалгарч байжээ.

Дээрх мэдээллүүдээс харахад, хоёр гадаад зөвлөхөд 1.7 сая,  “Атикус Партнерс” компанид 1.76 сая, барилга худалдан авахад, 2.4 сая ам.доллар тус тус зарцуулсан байна. Тэгвэл 14.1 сая ам.доллар тайлбаргүй үлджээ.

Үүнээс өөрөөр Оюу толгойн төсөлд хүчээр наая гээд ч боломжгүйгээр үрчихсэн 20 сая ам.долларын гүйцэтгэлийн тайланг хөрөнгө оруулагч Рио Тинтод хэрхэн тайлагнаж, ямар нүүрээр өөрсдийн ашиг сонирхлоо хангуулах вэ гэдэг 10 там урд бий.

Материал 1. Б.Энхбаярын задалсан "Нууц эвлэрлийн гэрээ"

Материал 2. Б.Солонгоогийн хариу тайлбар

Материал 3. Редакцид ирсэн захидал

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe