Мелинда Френч Гейтс: Эпштейний баримтууд дэлгэгдэх бүрд Билл Гейтстэй өнгөрүүлсэн бараан дурсамжууд сэдэрдэг

.Graph
2026-02-04

Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэргийн баримт материалуудын сүүлчийн хэсгийг АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн баасан гарагт нийтэд дэлгэсэн юм. Нийт гурван сая хуудас бичиг баримт, 180,000 гэрэл зураг, 2,000 дүрс бичлэг энэхүү файлд багтжээ.

Нийтлэгдсэн материалуудад Эпштейн болон нэр нөлөө бүхий Илон Маск, Билл Гейтс, Дональд Трамп, Их Британийн ханхүү зэрэг алдартнуудын хооронд харилцсан имэйлүүд олноор багтжээ. Энэ дундаа Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Билл Гейтсийн талаарх мэдээллүүд олноор түгсэн юм.

Тодруулбал, 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр Эпштейний өөртөө ноороглон бичсэн имэйлд “Гэйтст орос бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орсны дараа авсан өвчнийг нь эмчлэх эм хэрэг болсон” гэжээ. Мөн Гэйтс авсан өвчнөө тухайн үеийн гэргий болох Мелиндагаас нуухыг оролдож байгаа талаар бичжээ. Гейтсийн хэвлэлийн төлөөлөгч дээрх материалуудыг бүгд худал гэж үгүйсгээд байгаа юм. 

Эдгээр мэдээллүүд тархсаны дараа Мелинда Френч Гейтс NPR-ийн “Wild Card” подкастын үеэр Эпштейн болон Гейтсийн талаар хөнджээ. Мелинда “Эдгээр баримтууд гарч ирэх бүрд надад хэцүү байдаг. Учир нь тэд түүнтэй өнгөрүүлсэн маш хүнд үеүдийг санагдуулдаг. Би тэдгээр бүх муу муухай зүйлээс холдож чадсандаа маш их баяртай байдаг” гэжээ. Мөн "Нэг ч охин тийм зүйл туулах ёсгүй. Үнэхээр аймшигтай. Хариулт нь тодорхой болоогүй асуултуудад би биш тэдгээр хүмүүс болон миний экс нөхөр хариулт өгөх хэрэгтэй” хэмээн нэмжээ.

Хосууд 2021 онд салсан бөгөөд энэ хүртэл хамтдаа 27 жилийг өнгөрүүлж, гурван хүүхдийн эцэг, эх болжээ. Үүний дараа Билл Гейтс 2019 онд Майкрософтын ажилтантайгаа нууц амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрч байсан удаатай. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe