XXV дахь удаагийн өвлийн олимпын наадам Итали улсын Милан хотноо "Милан-Кортина 2026" нэртэйгээр албан ёсоор эхлэхэд ердөө ганхан хоног үлджээ. Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа орон нутгийн цагаар баасан гарагт 20:00 цагт эхлэх бол Улаанбаатарын цагаар бямба гарагт шөнийн 03:00 цагаас эхлэх юм. Наадам хоёрдугаар сарын 6-наас 22-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 93 орны 2,871 тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас гурван тамирчин хоёр төрөлд хүч сорих билээ.
Хэдийгээр нээлтийн үйл ажиллагаа маргааш болох ч олимпын анхны тэмцээн кёрлингийн төрлөөр өчигдрөөс эхэлж байна. Мөн тамирчдын бэлтгэл эд дундаа явж байна. Милан хотод цас их хэмжээгээр орж байгаа нь зарим тамирчдыг гонсойлгох болжээ. Учир нь цас ихээр орвол цанын бэлтгэлд муугаар нөлөөлж болзошгүй байна.
Цагаан олимпын бяцхан эхлэл
Өвлийн спортын төрлүүд эхэндээ зуны олимпын хатавчинд багтдаг байлаа. 1908 оны Лондоны олимпод уран гулгалт багтсан бол 1920 оны Антверпений олимпод шайбтай хоккей орсон түүх бий. Гэхдээ өвөл, зуны төрлүүдийн тэмцээнийг хамтад нь зохион байгуулах утгагүй байсан тул ОУОХ өвлийн олимпыг тусад нь явуулах шийдвэр гаргаж, 1921 онд Лозаннд болсон хурлаараа анхны эрхийг Францын Шамонид өгчээ.
Ингээд анхны өвлийн олимп 1924 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 4-ний хооронд зохиогдсон юм.
Анхны наадамд 16 орны 258 тамирчин (247 эрэгтэй, 11 эмэгтэй) 16 багц медалийн төлөө өрсөлджээ. Францчууд олимпод зориулж трамплин, бобслейн зам шинээр байгуулсан бөгөөд үүнд хоёр сая гаруй франк зарцуулжээ. Энэ мэт нэлээд зардал гаргасан боловч ашиг олох нь байтугай алдагдал хүлээсэн гэдэг. Олимпын турш ердөө 10 мянган тасалбар зарагдсан бөгөөд нийт 88 сурвалжлагч албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан түүхтэй.
Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал олимп зохион байгуулахад саад болж байжээ. Баруун Европын хамгийн өндөр уул Монбланы хормойд орших Шамонид арванхоёрдугаар сар гэхэд ямар ч цас унасангүй. Олимпыг хойшлуулах уу гэсэн яриа хүртэл гарч байтал удалгүй цас орж, зохион байгуулагчдыг тайвшруулсан гэдэг. Гэтэл хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр оройтож орсон цас нь сүүлдээ шуурга болж, хотын зарим хэсэг 1.5 метр хүртэл цасан хунгарт дарагджээ.Олимпын үеэр ч цаг агаар тавгүй байлаа. Тухайлбал, цанын 50 км-ын марафон уралдааны үеэр хүчтэй цасан шуурга тавьж, тамирчдын тэвчээрийг шалгажээ. Түрүүлсэн Торлейф Хеуг гэхэд замаа гурван цаг 44 минутад дуусгасан бөгөөд сүүлийн хүн түүнээс хоёр цаг хагасаар хоцрон барианд орсон юм. Нийт 23 тамирчин уралдсанаас 12 нь замаа дуусгаж чадаагүй байдаг.
Анхны цагаан олимп улс төрөөс ангид байгаагүй. Цанын тэмцээний үеэр Аргентин, Эстонийн тамирчид германчуудтай нэг замд уралдахаас татгалзав. Мөн Францын ҮОХ-ноос ЗХУ-д урилга илгээсэн ч үл ойшоосон юм. Зөвлөлтүүд 1956 оноос л өвлийн олимпод оролцож эхэлсэн билээ.
Зуны олимпоос ялгаатай нь өвлийн олимпод спортын төрлүүд цөөн байдаг. Эдгээрт:
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Сэтгэгдэл үлдээх