-Орон сууцны залилан бараг төгсөрч байх шиг. Ямар ч явцын хяналтгүйгээр иргэдийн насан туршдаа хуримтлуулсан мөнгийг залилдаг, үгүй хийдэгнөхцөл байдал газар авчихлаа?
-Хамгийн өндөр дүн үнийн дүнтэй шийдсэн нөхдүүд зарим нь ордог, зарим нь үнэхээр төсөл нь фэйлдэг. Төр дөнгөж эхлэхэд нь оролцоно, дуусахад нь оролцоно, зөвшөөрөл өгөөд байдаг. Голд нь ямар ч явцын хяналтгүйгээр иргэдийн насан туршдаа хуримтлуулсан мөнгийг залилж үгүй хийдэг нэг ийм нөхцөл байдал Монгол Улсад бүр газар авчихлаа. Энэ дээр нэлээн дуу хоолойгоо хүргэж ажиллаад байна.
-Энэ асуудал дээр яаж ажиллавал үр дүнтэй юм бэ, та хуулийн талаас нь ямар шийдэл ярьж байна вэ?
-Хамгийн гол нь мэдээлэл ил тод биш байна. Барилгын компаниуд анх гоё макет харуулаад хүмүүсээс захиалга авдаг. Захиалга авахдаа “100 хувь төлбөр хийвэл метр квадрат нь хямдарна” гэдэг. Хүмүүс мөнгөө өгөөд гэрээгээ хийгээд санаа амраад явна. Хоёр жилийн дараа очихоор төсөл нь огт яваагүй байдаг. Эсвэл нэг суурь цутгаад алга болчихсон байдаг.
-Тэгэхээр хэн хяналт тавих ёстой вэ?
-Миний бодлоор төр, хувийн хэвшил аль аль нь хамтарч явах ёстой. Төр бол хүний эд хөрөнгийг хамгаалах ёстой.
Насаараа цуглуулсан хөрөнгөө нэг компанид өгчихөөд тэр компани ажлаа хийж байна уу гэдэг дээр хяналт байхгүй. Хийж байгаа эсэх мэдээлэл олон нийтэд ил тод биш.
Нэг байрыг 3 юм уу 4 хүнд давхар зардагийг хэн ч мэдэхгүй. Худалдаж авсан хүн бол ганцхан надад зарсан гэж бодоод явдаг. Хэдэн жилийн дараа харахаар юу ч байхгүй.
Шүүхээр явахаар маш их хугацаа алдана. Энэ хооронд залитай нөхдүүд мөнгөө нааш цааш нь болгож, гадагшаа гараад явчихдаг.
Төр анхаарах зайлшгүй шаардлагатай. Барилгын компани, иргэд хоёр учраа ол гээд орхихоор иргэд хүчин мөхөстөөд байна.
20 гаруй настай залуу Солонгост 5 жил ажиллаад байрны мөнгө хийсэн. Ирээд байрны үнэ өсчихсөн, хашаа байшингаа барьцаанд тавиад 100 хувь төлбөр хийсэн. Гэтэл 5 жил болоход барилга нь эхлээгүй, суурь ч цутгагдаагүй.
Эхлээд хажуу өрөө, дараа нь нийтийн байр, дараа нь түрээс. Мөнгө дуусна, гэр бүлд стресс үүснэ, маргаан гарна, хүүхдийн орчин сүйднэ.
Ийм хүмүүс маш олон.
Гадаадаас хүүхдүүд нь ээждээ байр авч өгье гээд мөнгө явуулна. Тэр нь буруу компанид орно. Эцэст нь өндөр настнууд очих газаргүй үлдэж байна.
-Олон улсад урьдчилсан захиалга явдаг байхад манайд яагаад болохгүй байна гэж та харж байна вэ?
-Нэгдүгээрт урьдчилсан захиалга авч байгаа компанийн шалгуурыг өндөрсгөх ёстой. Зүгээр зөвшөөрөлтэй, газартай гээд макет харуулаад мөнгө авч болохгүй.
Туршлагатай, ажилтантай, мөнгөтэй, чадамжтай байх ёстой.
Хоёрдугаарт захиалгын гэрээг улсын бүртгэлд бүр эхлэхдээ бүртгүүлэх ёстой. Би ороод харахад энэ байр хэний нэр дээр захиалгатай нь ил харагддаг байх ёстой.
Гуравдугаарт барилгын явцын хяналтыг тогтмол хийх ёстой. Сар сардаа хийж байна уу, яагаад хоцорч байна вэ, ямар материал хэрэглэж байна гэдэг нь ил тод байх ёстой.
Тэгэхгүй бол хүмүүс харанхуй мөнгөө өгчихөөд дараа нь барилга байхгүй үлддэг.
-Хэдэн хүний хохирол яригдах бол?
-Хэдэн мянгаар яригдана. Фэйсбүүкт хотхон бүрийн хохирогчдын групп байна. Цагдаа дээр дүүрэг бүрт хэрэг үүссэн, улсын мөрдөнд ч явж байна. Шүүхүүд дээр бүр зам халчихсан. Маш олон хохирогчтой хэргүүд явж байна.
-Хуулийн орчинд өөрчлөлт хэрэгтэй юу?
-Барилгын тухай хуульд олон цоорхой байна. Сүүлийн 10 жил дорвитой өөрчлөлт ороогүй гэж албаныхан өөрсдөө хэлдэг. Асуудал байгааг зөвшөөрдөг ч “оролцоод яваарай” л гэдэг.
-Иргэдэд та юуг уриалж байна вэ?
-Хохирсон иргэд өөрсдөө дуу хоолойгоо хүргэх ёстой. 1200 айлтай байрнаас 5–6 хүн л идэвхтэй явдаг. Бусад нь гарч ирдэггүй. Айж, ичээд дуугарахгүй байх нь луйварчдыг улам даврааж байна. Өөрсдийн тойргийн гишүүдтэй уулзаж, шаардлага тавих ёстой. Сонгуулиар амлаад дараа нь мартдаг байж болохгүй. “Бид хохирсон байна, энэ хүнд хариуцлага тооц, хуулиа өөрчил” гэж иргэд бөөнөөрөө дуугарч байж л өөрчлөлт гарна. Тэрнээс хэн ч таны өмнөөс асуудлыг шийдэхгүй.
Сэтгэгдэл үлдээх