Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацангийн лам М.Тэгшбаяртай Монголын Бурхны шашны түүх, орчин үеийн түүхийн нийтлэг ойлголтуудын талаар ярилцлаа.
-Аливаа шашин тухайн иргэдийг соён гэгээрүүлэхээс гадна улс орны соёлын томоохон хүчин зүйл болдог. Тэгвэл Буддын шашин манай улсад хэрхэн нөлөөлсөн, соёлд маань ямар үүрэг гүйцэтгэж, юу үлдээсэн бэ?
-Бурхны шашин монголчуудын оюун сэтгэлгээ, ёс заншил, өв уламжлал, амьдралын хэв маягт нягт уусаж нэгдсэн. Энэ нь Христийн, Исламын, тэр бүү хэл бөө мөргөлийн уламжлалаас ч тэс ондоо.
Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, байгальтай харьцах ёс, ахмадаа хүндлэх, эцэг эхээ хүндлэх, хүн чанарыг эрхэмлэх, энэ бүхэнд Бурхны шашин ихээхэн тус нэмэр оруулсан.
Биет талаас нь авч үзвэл, гурав дахь дэлгэрэлт буюу 1578 оноос хойш дунд нь тасалдсан жар гаруй жилийг эс тооцвол маш том ул мөр үлдээсэн. Жишээ нь нүүдэлчдийн буюу монголчуудын өөрсдийн босгож, бүтээсэн уран барилгууд. Богд хааны Ногоон ордон, Чойжин ламын сүм хийдийн музей, Гандантэгчэнлин хийд, Амарбаясгалант хийд, Эрдэнэзуу хийд, эдгээр нь монголчуудын өөрсдийн гараар бүтсэн нүүдэлчдийн уран барилгын дурсгалууд. Нүүдэлчид суурин амьдралд хэрхэн дасан зохицож, барилга байшинг бүтээж байсныг эдгээр сүм хийдээс харж болно.
Түүнчлэн бичгийн өв уламжлал асар их үлдсэн. Монгол Ганжуур, Монгол Данжуур гэх мэт ном судруудыг хэвлэдэг “дархан” буюу барлах газрууд бараг хүрээ хийд болгоны хажууд байсан. Энэ бол нүүдэлчдийн түүхэнд Бурхны шашны оруулсан бичиг соёлын өв.
Дээр нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёс, гол ус, уул хайрханыг тахилгын зан үйлээр дамжуулан хамгаалах уламжлал байна.
Тэгэхээр монголчуудын амьдрал ахуй, соёл, уламжлал, ёс заншилд Бурхны шашны эерэг нөлөө маш их шингэсэн. Монгол хүний амьдралын хэв маягт хамгийн их тус нэмэр оруулсан шашин бол Бурхны шашин гэдэг нь гарцаагүй.
-Монголчуудыг 200 жил гаруй Манжуудад дарлуулсан их зовлонт ард түмэн гэж ярьдаг. Тэр үед монголчуудыг номхон хүлцэнгүй болгохын тулд Энх-Амгалан хаан Бурхны шашныг улс төрийн бодлогоор оруулж ирсэн гэх шүүмжлэл бий. Үүнд хэрхэн хариулах вэ, түүнээс өмнө Бурхны шашин Монголд байсан уу, эсвэл зөвхөн тэр үеэс л дэлгэрсэн үү?
-Бурхны шашин Монгол нутагт гурван удаа дэлгэрсэн.
Түрүү үеийн дэлгэрэлт одоогоос 2200 орчим жилийн өмнө буюу Хүннүгийн үед эхэлсэн. Монголчууд Бурхны шашинтай байсан нь 100 хувь биш ч гэсэн, тодорхой хэсэг бүлэг дунд бол дэлгэрч байсан нь нотлогдсон. Үүний эх сурвалж нь Хятад.
2200 жилийн өмнө Хан улсын Ү-ди хуанди Хүннүгийн өмнөд хязгаар руу цэрэглэн дайрсан. Тэр үедээ Хүннү ноёны орд өргөөнөөс босоо хүний хэмжээтэй алтан хүн буюу баримлыг олзлон авч, хааны ордондоо залаад өмнө нь хүж шатааж мөргөдөг байжээ. Энэ “Алтан хүн” нь Бурхан багш Буддагийн нэг цээж дүр байсан гэж судлаачид үздэг. Тэгэхээр энэ нь Хятад дахь хамгийн анхны Бурхны шашны шүтээн болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хятадууд Бурхны шашныг мэдэхээс өмнө монголчууд Бурхны шашинтай байсан.
Түрүү үеийн дэлгэрэлт МЭ-ний 1000 гаруй он хүртэл буюу нийтдээ 1200 орчим жил үргэлжилсэн.
Дунд үеийн дэлгэрэлт нь Чингис хааны үетэй холбоотой. Чингис хаан Хятадыг дайлаар мордсон үедээ Төвөдийн нутаг руу элч илгээж, “Эрдэнийн сан Субашид” зохиолын зохиогч Сажа бандида Гунгаажалцанд хандан “Лам та эрдэм чадалтай гэж сонслоо. Одоохондоо хаан төрийн хэрэг үйлс жигдрээгүй, ороо бусгаа байна. Цаг төвхрөхөөр би таныг залъя. Тэр болтол та намайг наанаасаа залбирч байгаарай, би ч таныг эндээс бодож байя” гэжээ. Энэ нь Чингис хааны үед Бурхны шашин Монголд хараахан дэлгэрээгүй ч, түүнд хүндлэлтэй ханддаг байсныг харуулдаг.
Өгөөдэй хаан Хархорум хотыг байгуулсан. Гүег, Мөнх хаан буюу Тулуйн хөвгүүдийн үед Бурхны шашин Монголд маш ихээр дэлгэрч эхэлсэн. Хархорумд айлчилсан Ромын Пап Лам V Иннокентийн элч Плано Карпини, Гийом де Рубрук нарын аяны тэмдэглэл, мөн 1990-2005 онд явагдсан Герман-Монголын хамтарсан археологийн судалгааны үр дүнгээр Хархорум хотод исламын нэг сүм, христийн хоёр сүм, харин Бурхны шашны 12 сүм байсан нь тогтоогдсон.
Тэдгээрийн дотор Юань улсыг мандуулагч Цогт их сүм гэж 96 метр өндөр сүм байсан. Өнөөгийн Шангрилатай адил Хархорум хотын хамгийн өндөр байгууламж нь энэ Бурхны шашны сүм байжээ.
Монголын их хаад Төвөдөд дэлгэрч байсан Гарма, Сажа урсгалын лам нарыг улсын багш болгон залж шашныг дэлгэрүүлж байв. Энэ нь 1368 онд Тогоонтөмөр хаан Бээжингээс хар орондоо ирэх хүртэл үргэлжилсэн, энэ бол дунд үеийн дэлгэрэлт.
Гурав дахь дэлгэрэлт 1578 онд, өөрөөр хэлбэл Манж Чин улс байгуулагдахаас 38 жилийн өмнө болсон. Чингис хааны алтан ургийн Түмэдийн Алтан хаан Хөх хотдоо Төвөдийн шашны тэргүүн Содномжамц ламыг залж, хагас сарын турш Бурхны шашны сургаал номыг ярилцан судалсан байдаг. Тэр үе бага хаадын хямрал, задралын үе байсан. Монголчууд эргэн нэгдэх, улсаа нэгтгэх хүсэлтэй байсан бөгөөд тэрхүү хүчирхэгжих явцад бөө мөргөл хүрэлцэхгүй байгааг ухаарч, шинэ шашныг хүлээн авах хэрэгтэй гэж үзжээ. Тэгээд Бурхны шашин маш сайн таарч нийцсэн.
Энэ үеэс Түмэдийн Алтан хаанаас гадна Халхын Автай сайн хан, Засагт хан Шар, Сэцэн хан, Ойрадын Эрдэнэбаатар хунтайж (Галдан бошигтын аав), халх, ойрад гэлгүйгээр бүгдээрээ Бурхны шашныг хүлээн авч дэлгэрүүлсэн. Энэ нь Манж Чин улс байгуулагдахаас 38-40 жилийн өмнөх үйл явдал юм. Тэгэхээр байгуулагдаагүй улс яаж шашныг тулгах юм бэ?
Хоёрдугаарт, “монголчуудыг номхон хүлцэнгүй болгож, тархи угаасан” гэсэн ойлголт бол 1921-1990 оны хооронд бараг жар гаруй жилийн турш төрийн бодлого, төрийн санхүүжилтээр явуулсан тархи угаалтын үр дүн. Манжуудыг “монголчуудыг 200 жил дарлаж мөлжсөн, номхон болгосон” гэх ойлголт бол 100 хувь буруу.
Тухайн үед Манжтай Монголчуудын харилцаа бол “дарлал” биш “эрхшээл” буюу нэг ёсондоо Васал гэрээтэй харилцан туслалцах харилцаа байсан. Монголчууд өөрсдийн засаг захиргаа, хошуу ноёд, бодлоготой байсан. Тийм ээ, улсын хаангүй байсан нь үнэн.
Манжийн хаад Монгол хатан авдаг байсан. Манжийн хамгийн хүчирхэг хаан Энх-Амгалан 60 жил ширээнд суусан, түүний эмээ нь Монгол хүн. Манж бичиг өөрөө Монгол бичгээс санаа авч зохиогдсон.
“Дарлал” гэж яг юу болохыг ойлгох ёстой. Дарлал гэдэг бол их хэмжээний татвар авах, хүн алах, оюун санааны хувьд боолчлох, бичиг соёл түүхийг үгүйсгэх, доромжлох, мушгих гэх мэт явдал. Гэтэл монголчууд Манжийн үед өөрсдийн хэдэн мянган жилийн нүүдэлчин амьдралын хэв маягаараа, дөрвөн улирлаараа нүүдэллэн, амьдарч байсан.
1691-1911 он хүртэл 200 гаруй жилийн турш Манжийн хаан жил болгон Монгол ноёдод 320 мянга орчим лан мөнгийг цалин пүнлүү байдлаар олгож байсан. Энэ нь өнөөгийн ойлголтоор бол гадаадын хөрөнгө оруулалттай адил. Дээр нь сайн чанарын торго, ноосон бараа эрэмбэ зэрэглэлийн дагуу олгодог байв. Чин ван, ван, гүн, тайж зэрэг цолоор нь пүнлүү харилцан адилгүй.
Манжууд “Бид нар Хятадыг эзлээд авчихсан, ямар нэгэн цагт хятадууд эсэргүүцэн босно. Тэр үед энэ догшин монголчуудын тус дэмийг авна”, гэсэн бодлоготойгоор Монголтой харилцан туслалцах гэрээтэй байсан.
1691 онд Долоннуурын чуулганаар Өндөр гэгээн Занабазар хаан Энх-Амгалангаар хоёр чухал зарлиг гаргуулсан.
Нэгдүгээрт, Монгол цусыг хамгаалсан. Хятад иргэн монгол эмэгтэйтэй ураг барилдахыг цаазаар хориглосон. Энэ нь монгол, хятад эрлийзжихээс хамгаалсан.
Хоёрдугаарт, Монгол газрыг хамгаалсан. Хятад хүн Монгол нутагт тариа тарьж, газар хагалахыг хориглосон. Энэ нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалсан “Шинэ засгийн бодлого” буюу 1860-аад он хүртэл хэлбэрэлтгүй мөрдөгдсөн.
-Бидний нийтлэг мэддэг түүхтэй таны өгүүлж буй түүх нэлээд зөрж байна. Бид түүхийн эх сурвалжаа нягтлах, үнэн бодит түүхээ мэдэх тал дээр юун дээр анхаарах хэрэгтэй бол?
-1921-1990 он хүртэл бидний түүхийг маш их гажуудуулж, мушгиж, төрийн бодлогоор, төрийн санхүүжилтээр гуйвуулсан. Энэ бол бидний туулсан гашуун үнэн.
Хамгийн гол нь монголчууд үнэхээр бахархах түүхтэй, баялаг түүхтэй ард түмэн. Гэтэл бидний 1921 оноос өмнөх түүхийг “мөхөж сөнөж байсан, ядуу буурай, дарлагдаж зовсон” гэж буруугаар ойлгуулж ирсэн.
Үүнийг залруулахын тулд төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд, түүхийн хүрээлэнгүүд илүү анхаарч, төрийн бодлогоор хуучин гуйвуулсан түүхээ засах ажлыг хийх ёстой.
“Манжийн 200 жилийн дарлал” гэдэг бол байгаагүй. Жилд нэг удаа Монголын ноёд Манжийн эзэн хааны ордонд очиж золгох ёслол хийдэг байсан. Энэ үед “есөн цагааны алба”, найман цагаан адуу, нэг цагаан тэмээ, өргөдөг байжээ. Үүнийгээ авиад буцаахдаа Манжаас жил болгон ойролцоогоор 160 мянган лан мөнгөний цалин пүнлүү авдаг байсан. Тэр мөнгийг ноёд ганцаараа хэрэглэхгүй, худалдан авалт хийгээд эдийн засагт шингэдэг байжээ.
Монголчууд дарлалд орсон цорын ганц үе бол ЗХУ-ын үе, 60 гаруй жил, бараг 69 жил. Энэ бол гарцаагүй үнэн. Учир нь Манжийн талаар ярьсан зүйлүүдийн яг эсрэг үйл явдлууд тэр үед болсон.
Нэгдүгээрт, монголчуудын хэдэн мянган жил үргэлжилсэн түүх, өв соёл, амьдралын хэв маягийг өөрчилсөн. Ахмадаа хүндлэх, багш шавийн харилцаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бичиг үсэг, энэ бүхнийг сольсон. 1940-өөд оноос эхлэн бичиг үсгийг сольж, угийн бичиг хөтлөхийг зогсоосон.
Хоёрдугаарт, 1921 онд Хүрээнд орж ирсний маргааш долдугаар сарын 10-ны үеэс эхлэн оросууд маш өргөн хүрээний баривчилгаа явуулсан. Богдын засгийн газрын Цэргийн яамны сайд Магсаржав, Цэвээн нарыг тэргүүлсэн “Саж ламын хэрэг”, Бодоо, Данзан гээд Монголын сор болсон сэхээтнүүдийг сорчилон устгаж эхэлсэн. Энэ ажил 1937 онд оргилдоо хүрч, 1938-аас хойш буурсан. Дараа нь алах биш, нутаг заах, ажлаас халах хэлбэрээр үргэлжилсэн.
Гуравдугаарт, монголчуудын олон зуун жилийн бүтээсэн соёлын өв, бичиг соёл, уран барилга, урлал бүтээлийг бараг 90 хувийг устгасан. Бичиг үсгийг кирилл болгож, хүчээр нэвтрүүлсэн. Угийн бичгийг зогсоосон. Нүүдэлчин амьдралаас хотжих, суурин амьдрал руу шилжүүлсэн.
Дөрөвдүгээрт, Монголын байгалийн баялгийг бараг үнэгүй шахуу авч ашигласан. Жишээ нь 1973 онд нээгдэж, 1978 онд үйл ажиллагаа эхлүүлсэн Эрдэнэт үйлдвэр Монгол улсад 12-13 жилийн турш нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, бүх юмаа Орос руу явуулдаг байсан. Мардайн ураны уурхай, Бөрөндөрийн жонш гэх мэт.
Энэ дунд хамгийн муухай нэг хууран мэхлэлт бий. “1921 оны хувьсгал ялах үед Монголын хүн амын 50 хувь нь өнгөний өвчтэй буюу тэмбүүтэй байсан, оросууд биднийг аварсан” гэдэг яриа.
Гэтэл 1890-1920 онд Европт фото аппарат гарчихсан байсан. Тэр үед олон гадны аялагч, судлаач Монголоор аяласан. Жишээ нь Норвегийн аялагч Оскар Маманы авсан 10 мянган зургийг оруулаад нийтдээ 20 орчим мянган зураг бий. Тэдгээрийн дотор тэмбүүтэй хүн бараг харагдахгүй. Учир нь тэмбүүгийн хамгийн айхтар шинж тэмдгийн нэг бол хамар унадаг. Хэрэв үнэхээр хүн амын 50 хувь, өөрөөр хэлбэл 300 мянган хүн тэмбүүтэй байсан бол хамаргүй хүмүүс зургуудад дүүрэн байх ёсгүй гэж үү? Гэтэл зөвхөн нэг л зураг, Хүрээний зах дээр сууж байгаа нэг хамаргүй эмгэний зураг бий. Үүнийг улаан тариа эмчилсэн юм аа гэж яриад байгаа. Тэр Оросын тархи угаалтын үгээр өвөг дээдсээ доромжилж байгаа хэрэг.
Тэгэхээр энэ 60 жилийн тархи угаалтыг төр засаг, шинжлэх ухааны байгууллагуудын архивын судалгаа, бодит баримтад үндэслэн залруулах ёстой. Социализмын үед үзэл суртлын зорилгоор зохиосон кино, ном зохиолуудыг зарим хэсгийг нь хаах, эсвэл “энэ нь тухайн үеийн үзэл суртлын зорилгоор хийгдсэн” гэдгийг илэрхийлсэн залруулга, тайлбартай нь хамт олонд хүргэх ёстой.
Бид түүхээ үнэн мөнөөр нь таних цаг ирсэн. Бусдын үгээр 60 жил явсан нь хангалттай. Одоо өөрсдийн эрх мэдэлтэй болсон. Өвөг дээдсийнхээ түүхийг үнэн мөнөөр нь танин ойлгох цаг хэдийнэ ирчихсэн, бүр хэтэрчихсэн ч байна.
-Сая таны ярианд “ураныг үнэгүй шахуу зөөсөн” буюу тухайн үеийн зах зээлийн үнээс хямдхан зарагдаж байсан тухай дурдагдсан. Тэр алдагдсан боломжийн өртгийг тооцоолж болох уу? Дэлхийн зах зээлд хэдэн доллароор үнэлж байсан бол?
-Дорнодын Мардайн ураны орд байдаг. Оросууд уурхайг нь нээгээд “шар нунтаг” буюу уран олборлоод, тонныг нь ойролцоогоор 16 доллароор худалдаж авч байсан гэдэг. Тэр ч өөрөө мөнгө биш, бартер маягаар, барааны хэлбэрээр өгчихдөг. Гэтэл тухайн үеийн дэлхийн зах зээлд нэг тонн ураны үнэ 160 доллар байсан. Өөрөөр хэлбэл бидний үнийг 90 хувь үнэгүйдүүлж, олон жилийн турш зөөсөн гэсэн үг.
Дээр нь Эрдэнэтийн зэс-молибден, Бор-Өндөрийн жонш гэх мэт зөндөө бий. Би эдийн засагч биш болохоор алдагдсан боломжийн өртгийг яг мөнгөн хэлбэрээр илэрхийлж чадахгүй, гэхдээ бидний бодож төсөөлж байгаагаас хавьгүй их хэмжээний баялгийг оросууд бараг үнэгүй шахуу авсан байгаа нь гарцаагүй.
Энэ бүхнийг тархи угаалтаар “Орос ах нар биднийг аварсан, тусгаар тогтнуулсан” гэх мэтээр халхалсаар ирсэн. Уучлаарай, тийм юм байхгүй. Оросууд биднийг тусгаар тогтнуулаагүй
Монголчууд түүхэндээ хэзээ ч Манжийн ч, Хятадын ч, аль ч улсын дарлалд байгаагүй. Зөвхөн ЗХУ-ын дарлалд л байсан.
Бидэнд хийх ёстой байсан зүйл бол тусгаар тогтнолоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх асуудал, энийг оросууд биш, бид өөрсдөө шийдсэн.
Бид хоёр хөршийнхөө дунд ялгагдах онцлогтой амьдралын хэв маяг, царай төрх, өв соёлоороо бие даасан тусгаар улс байсан.
1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Генри Уоллес Монголд айлчилсан. Тэр үедээ “Монгол гэж ямар улс юм бэ” гэдгийг өөрийнхөө нүдээр харж судлаад, эргээд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд илтгэх хуудас бичсэн нь хадгалагдсан. Тэндээ “Монголчууд ийм түүхтэй улс юм байна, төр засгийг нь ухаалаг хүмүүс удирдаж байна. Оросын нөлөө их боловч өөрсдийн өв соёлоо дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Бидний бодсоноос тэс ондоо ард түмэн юм байна” гэж бичсэн байдаг.
-Маш сонирхолтой, утга агуулга гүнзгий ярилцлага боллоо. Бидний түүхэн ой санамжийг сэргээх, нэг талыг харсан буруу ойлголтыг засахад үнэтэй хувь нэмэр оруулж, цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх