Нью-Йоркийн өглөөний түгжрэлийг Токиогийн шөнийн гудамжтай, Лондоны ажил хэрэгч амьдралыг Сиднейн далайн эргийн амралттай Монголын хээр тал, улаан тайгаас харж, сонсох болжээ.
Дэлхий ертөнцийг холбох, холыг ойртуулах хэдэн зуун дамжсан хүн төрөлхтний мөрөөдөл биеллээ олсон нь энэ.
1997 он: Зургаан градус (SixDegrees)
Зорилго: Найз нэмэх холбооны сүлжээ бий болгох
Уриа: Хүн бүр 6 градусын дотох холбогдоно (Everyone is connected within six degrees)
Орчин үеийн бүх цахим сүлжээний суурь загвар болж байв:
2002 он: Найзууд (Friendster)
Зорилго: Хүмүүсийг танилцуулах, найзын хүрээг тэлэх, болзоо, харилцаанд ойртуулах
Уриа: Найзын хүрээ (Circle of Friends)
2003 он: Миний орон зай (MySpace)
Зорилго: Хувийн орон зай үүсгэх хөгжим, сонирхлоо хуваалцах, өөрийгөө илэрхийлэх
Уриа: Найзуудын талбар (A place for friends)
2004 он: Нүүр ном (Facebook)
Анхны зорилго: Их сургуулийн оюутнуудыг хооронд нь холбох, танилцах, мэдээлэл солилцох
Уриа хожмоо: Дэлхийг ойртуулъя (Bringing the world closer together)
2006 он: Твитер(одоогийн X)
Зорилго: Богино мессежээр бодлоо хуваалцах, шуурхай мэдээлэл түгээх
Уриа: Та яг одоо юу хийж байна вэ? (What are you doing?)
2010 он: Инстаграм (Instagram)
Зорилго: Агшинг зураг, видеогоор хуваалцах
Уриа: Мөчүүдээ хуваалц
Тэгвэл “Pew Research Center” судалгааны байгууллагын онцолсноор өнөөдөр дэлхий даяар дундаж хэрэглэгч өдөрт 6–7 цагийг дэлгэц ширтэн өнгөрөөдөг. 18–34 насныхны хувьд 8–9 цаг бол зөвхөн цахим сүлжээнд 2.5–3 цаг зарцуулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2023 оны тайланд дэлхий даяар насанд хүрэгчдийн 25–33 хувь нь өөрийгөө тогтмол ганцаардаж байна гэж мэдүүлсэн бол залуучуудын дунд энэ үзүүлэлт 40 хувьд хүрчээ.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь цахим сүлжээд идэвхтэй байх тусам бодит харилцаанаас зайлсхийх хандлага нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрсөн.
Мөн Америкийн сэтгэл судлалын холбооноос гар утасны хэрэглээ өндөр хүмүүсийн 60 хувь нь “Нүүр тулж ярилцах харилцаа надад төвөгтэй санагддаг болсон” гэж хариулсан тухай судалгаандаа дурджээ. Тэгвэл,
Монголчууд өглөө сэрэхдээ Говийн борын гэрээсээ дайжсаныг, өдрийн хоолондоо Эмилиа Цогтын сайхан галбир, гадаад найз залууг, орой харихдаа Екатрина дэлгүүрийн авшигтай бурханыг, орондоо орохдоо Жүжигчин Дөлгөөний эксийн шинэ найз бүсгүйг өвөртөлж унтдаг гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ хэн нэгэнтэй халуун яриа өрнүүлж, аж байдлаа нүүр тулан хуваалцсанаа хамгийн сүүлд хэзээ сэтгэл хоосорч, өөртөө хангалтгүй мэт мэдэрч, дотогшоо ганцаардсан мэт мэдэрсэнтэйгээ харьцуулахад гэр бүл, хамт олон, найз нөхөд, хайртай дотнын хэн нэгэнтэйгээ ойртохоосоо илүү холдон алсарчээ гэсэн хариу олдох вий.
Цахим сүлжээ нэгэн цагт зөвхөн гоё сайхнаа харуулдаг, хуурмаг дүр төрх үүсгэдэг гэсэн шүүмж дагуулдаг байсан бол өнөөдөр муу муухай, зовлон шаналан бүхнээ ч асган тайтгардаг, тэнд амьдардаг орон зай болжээ.
Үр дүнд нь сэтгэл гутрал нэмэгдэх, нийгмийн ур чадвар сулрах, харилцааны айдас бий болох, гэр бүл, найз нөхдийн холбоо суларч эхлэх эрсдэлийг сэтгэл судлаачид онцолж байна.
Харин харц тулан инээмсэглэх, гар барин мэндчилэх, нүүр тулан ярилцах, цаг товлон болзох, гунигаа хуваалцан тэврэлдэн уйлж, баяраа тэмдэглэн хундага өргөх нь зургаа оруулах, таалагдлаа даруулах, уярам сэтгэгдэл авахаас илүүтэй хүнийг “хүн” чигээр хүн чигээр нь үлдээж, сэтгэлийг нь тэжээн харилцааны жинхэнэ утгыг мэдрүүлдэг хэвээр билээ.
Сэтгэгдэл үлдээх