Их Британи улсын иргэншилтэй, Хонг Конгийн хэвлэлийн салбараас төрөн гарсан ардчиллын төлөө тэмцэгч хэмээн нэрлэгдсэн Жимми Лайгийн хэргийг гэм буруутайд тооцох шүүх хурал өнгөрсөн 12 дугаар сард болсон билээ. Тухайн үед түүнийг Хонг Конгийн шүүх Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, гаднын улс төрчидтэй хуйвалдсан гэх хэргээр гэм буруутайд тооцсон байдаг. Ингэснээр Лайд бүх насаар нь хорих ял оноох магадлалтай гэж яригдаж байсан бол өнөөдөр түүнд 20 жилийн хорих ял оноолоо. Мөн Лайгийн үүсгэн байгуулсан “Apple Daily” сонины гүйцэтгэх захирал байсан зургаан хүнд 6-9 жил хүртэлх ял оноожээ.
Жимми Лай нь хэдэн арван жилийн турш Хонг Конгийн ардчилсан хөдөлгөөнийг дэмжигч гол дүр байсан бөгөөд Хятадын коммунист дэглэмийн эрх баригчдыг шүүмжилдгээрээ алдартай нэгэн юм. Тэрээр энэхүү тэмцлээ “Apple Daily” сониноороо түгээдэг байжээ. Иймд Хятадуудыг түүнийг эх орноосоо урвагч гэж үздэг байна.
Түүний шүүх хурал анх 2023 оны 12 дугаар сард эхэлсэн. Лай 2020 онд баривчлагдахаасаа хэдхэн долоо хоногийн өмнө CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “АНУ-ын эрхэм Ерөнхийлөгчөө та л биднийг аварч чадах цорын ганц хүн. Хэрэв та биднийг аварвал Хятадын түрэмгийллийг зогсоож, дэлхийг аварч чадна” хэмээн ярьж байжээ. Трамп ч хариуд нь Лайг аврахын тулд бүх зүйлээ дайчлах болно гэж амлаж байсан удаатай. Лайг гэм буруутайд тооцсоны дараа Трамп болон Их Британи улс 78 настай Лайг даруй суллах хүсэлтийг Ерөнхийлөгч Ши Жиньпинд тавьж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх