О.Номинчимэг Олон улсын парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

.Graph
2026-02-09

Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан Олон улсын парламентын холбоо (IPU)-ны хорооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Парламентын гишүүдийн хүний эрхийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд ажилладаг уг хороо өнгөрсөн долоо хоногт Швейцарын Холбооны Улсын Женев хотод хуралдаж, хурлын үеэр шинэ Ерөнхийлөгчөө тодруулсан байна.

Уг хороо нь дэлхийн олон оронд дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, хүчирхийлэл, амь насанд аюул учрах нөхцөлд орсон парламентын гишүүдийг хамгаалах чиг үүрэгтэй, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цорын ганц гомдол шийдвэрлэх механизм юм.

О.Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол Улс хүний эрх, парламентын ардчиллыг хамгаалах олон улсын хүчин чармайлтад идэвхтэй оролцож буйн илэрхийлэл болж байна.

Уг хороо дэлхийн бүс нутгуудыг төлөөлсөн 10 гишүүнтэй бөгөөд гишүүдийг улс орноор нь бус, хувь хүний мэргэшил, хүний эрхийн төлөөх тууштай байдлыг харгалзан сонгох зарчим баримталдаг.

Түүнчлэн геополитик, жендэрийн тэнцвэрийг хангах зарчмыг мөрддөг бөгөөд одоогийн бүрэлдэхүүний 50 хувь нь эмэгтэйчүүд байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe