“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын спринт төрлүүд өнөөдөр үргэлжилж, Монгол Улсын хоёр тамирчин урьдчилсан шатанд гарах гэж байна.
Анхны Олимпын наадамдаа оролцож байгаа гүйлтийн цанын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхбаярын Ариунтунгалаг эмэгтэйчүүдийн спринт төрөлд Олимпын дебютээ хийх юм.
Түүний өрсөлдөх төрөлд нийт 89 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөнө. Тэмцээн манай цагаар 16:15 цагт эхэлнэ. Э.Ариунтунгалаг ойролцоогоор 16:35 цагт гараанаас гарах хуваарьтай байна.
Э.Ариунтунгалаг өмнө нь цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож, 2023 онд дэлхийд 22-р байрт орж байсан туршлагатай тамирчин юм.
Харин гурав дахь Олимпын наадамдаа оролцож байгаа Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах өнөөдөр эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт төрөлд уралдана. Энэ төрөлд 95 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх юм. Тэмцээн 16:57 цагт эхэлж, Б.Ачбадрах 17:18 цагт гараанд гарах тов гарчээ.
Б.Ачбадрах хоёр өдрийн өмнө скиатлоны төрөлд уралдаж, 55-р байр эзэлсэн билээ.
“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын бүх тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх