Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар-ын 02 дугаар албан даалгавар хэрэгжиж эхэлжээ.
Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газар уул уурхай, эрдэс баялгийн салбарт стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшил, өгөөжийг тодорхойлох зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийв.
Ачит Ихт ХХК, Энержи ресурс ХХК, Хангад Эксплорейшн ХХК, Өсөх зоос ХХК нартай стратегийн ач холбогдол бүхий болон үүсмэл ордуудаас олсон өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх нөхцөлийг талууд харилцан зөвшөөрлөө.
Тухайн жилд өгөөж 60 хувьд хүрэхгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөр төлөхөөр тохиролцжээ.
Түүнчлэн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны наймдугаар сараас хойш Эрдэнэтийн үүсмэл орд, Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Нарийн сухайтын нүүрсний ордыг эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж байгаа талаар мэдээллээ.
Уул уурхайн салбарын зарим тоонос дурдахад, Эрдэнэс Монгол нэгдэл 2024 онд Хуримтлалын санд 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Хоёр жилийн нийлбэр дүнгээр Хуримтлалын санд 912 тэрбум төгрөг хуримтлагджээ.
Тус орлогын дийлэнхийг стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлсэн.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, өгөөжийг тооцох журамтай холбоотой УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.
Үндсэн хуулийн 6.2-т заасан “өгөөжийн дийлэнх” гэдгийг яг хэдэн хувь гэж ойлгох, практикт хэрэгжүүлэх талаар олон жил тодорхойгүй явж ирсэн. Мөн стратегийн болон үүсмэл ордын өгөөжийг яаж тооцох вэ гэдэг дээр нэгдсэн, хуульчилсан аргачлал байдаггүй юм. Иймд өмнө нь төр, хувийн хэвшил хооронд энэ төрлийн төрлийн 60 хувийн тохиролцоо хийж байгаагүй ба анхны тохиолдол болж байна.
Сэтгэгдэл үлдээх