Долоо

Б.Энхтулга
2026-02-24

Гал морин жил гарч монголчууд долоо хоног өргөн дэлгэр сайхан шинэллээ. Баяр гээд улс төр, нийгмийн сонин хачинд анхаарах сөхөө бидэнд үгүй байсан ч улс төрчдийн пи ар, нийгмийн сенсац зогссонгүй. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара баяраар караоке хайж  хот даяар нэг юм болж пост дор нь сэтгэгдэл бичсэн хүмүүстэй харааж, зүхэж хэрүүл хийсэн бол удалгүй гэртээ хулгай орлоо хэмээн дахин чанга дуугаар харааж бичлэг оруулах нь тэр. Төрийн ордны тоот өрөөний гишүүн М.Нарантуяа-Нара ч иймэрхүү зүйлдээ санаа зовохоо больсон. Хүмүүс ч тоохоо больсон. Ингэн барин хүрээлдэг хэдэн дагагчаа тогтоож үлдэхгүй бол хэцүүднэ гэдгээ мэддэг болохоор түүний тэнэглэл дуусахгүй биз ээ. Харин нөгөө талд 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар “долоо”-гийн тоогоор маш том пи ар хийгээд амжлаа. Юнившний долоо дээр гардаг “Central” телевизийн “Tonight show”-нд оролцох үедээ долоогийн тоо бол түүний амьдралтай салшгүй холбоотой гэдгийг тайлбарлав. Монгол Улсын Ерөнхий сайдуудаас хамгийн анхны чөлөөт нэвтрүүлэгт орсон хүн нь болж байгаа байх. Г.Занданшатар 1970 оны 3-р сарын 8-нд төрсөн. 7 настайдаа сургуульд орж, 77-р сургуулийг дүүргэж ОХУ-руу сургуульд явахдаа 77 дугаарын дотуур байранд орж байсан. УИХ-ын сонгуульд анх сонгогдохдоо 7-р тойргоос сонгогдсон гээд л. Сонин давхцал мэт санагдаж байгаа биз. Тэгвэл энэ тоонуудаа тэрээр өөрийн хувийн пи ардаа ашиглаж эхэлжээ. Өмнө нь дурдагдаж байсан ч төдийлөн ач холбогдол өгөлгүй ирсэн. Гэвч “Tonight Show” долоог ашиглан түүний рейтингийг тодорхой хэмжээнд өргөж өгсөн нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн мөн гэдгийг хэлж өгч байх шиг. Долоогийн тооны давхцалаа ярих юм бол 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үнэхээр л долоогийн тоо түүний амьдралд өөрчлөлт авчирдаг, эсвэл дагаж явдаг бол сүсгээрээ яг л таарч байгаа. Өмнөх нийтлэлүүддээ ч бичиж байсан. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх хүний жагсаалтын нэгдүгээрт Г.Занданшатар байгаа гэж. Гэхдээ бүтэлгүйтвэл төлөвлөгөөнөөс жишим ч үгүй хасна. Учир нь Ардын намд ч тэр Ардчилсан намд ч тэр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн чухал. Амиа тавин зүтгэх ёстой. Тэгж байж 2028 оны сонгууль яаж өрнөх эсэх нь шийдэгдэнэ. Ердөө нэг жил гаруй хугацаа үлдсэн энэ үед Г.Занданшатарын пи арыг бүхий л талаас нь хийж байгаа. Өөрөө ч чөлөөт сэтгэлгээтэй улс төрч болохоор нээлттэй байх тал дээрээ түлхүү ажиллаж байна. Тийм учраас цаашдаа долоогийн тоо түүний улс төрийн пи артай салшгүй холбоотой үргэлжлэх нь ээ.

Хүний тархи, ой санамжид нэг ижил тоо олон удаа давхардсан байдлаар үзэгдэх, сонсогдох юм бол амархан тогтож үлддэг. Үүнийг ашиглан олон газрууд зар сурталчилгаандаа тоо ашиглаж эхэлсэн байдаг. Улмаар албан байгууллагынхаа утасны дугаарыг ч гэсэн давхардсан тоогоор авах нь олон болсон. Тогтооход амар гэж. Тийм учраас тооны сурталчилгаа маш амжилттай сурталчилгаа болсоор иржээ. Ялангуяа нэг оронтоо тоо олон давхардсан тохиолдолд. Г.Занданшатарын долоогийн тоо үүний нэг жишээ. Олон зүйл нь долоогийн тоотой холбогдож түүнийгээ пи ардаа ашигласан. Хүмүүс дараа нь Г.Занданшатарын тухай ярихдаа долоогийн тооны давхцалыг нь түрүүлж ярих, танихгүй хүмүүс харин баахан долоо холбогдсон улс төрч гэж ярих болно. Энэ бол тоон сурталчилгааны хүч. Өмнө нь санаатай ашигладаг байсан пи ар нь санамсаргүй байдлаар уу эсвэл дахиад зүтгүүлэхээр шийдсэн үү ямартай ч алга таших хүмүүсийг нь нэмээд өгөх шиг боллоо. Хамгийн хоржоонтой нь Г.Занданшатар ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм бол Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч болох юм. 

Тойргоосоо ч сонгогдож чадаагүй түүнийг Ерөнхийлөгч ивээлдээ авч Тамгын газрын даргаа хийлгэж байсан үе саяхан. Буу зурж, Их хурлын даргын суудлаас пиз.а гэж хараадгаас бусдаар хоосонгүй толгой. Жилийн дараах сонгуульд Ерөнхий сайд болсноосоо хойш бэлдэж байгаа түүний хичээл зүтгэл хэнийгээ дэвшүүлэхийг шийдэж чадахгүй дотроо хагарч байгаа Ардчилсан намаас нэг алхмаар түрүүлж эхэллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe