28 хоногийн дараа

Б.Энхтулга
2026-02-25

Хот гацуурын гэрэл шиг алаг цог гэрэлтэж байсан үе ердөө хэдхэн хоногийн өмнө. Асуудал бишдэж гал нь Ерөнхий сайд руу чиглэх үед Засгийн газрын хурлаар Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээр туг тахиж эхлээд 100 хоногийн хугацаанд асуудлаа шийдэх үүрэг өгсөн. Олны хэл ам тэр даруйдаа эрчийг авч 100 хоногийн дараа зун болж эрчим хүчний хэрэглээ багасан хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх нь хэмээн өндөрт очсон. Ингээд хэдхэн минутын дараа алдаагаа засаж 30 хоног болгож өөрчилсөн. Тэгвэл Б.Чойжилсүрэн сайдын өршөөлийн 30 хоног ердөө хоёр хоногийн дараа дуусах гэж байна. Хэдий нь 28 хоног өнгөрчээ. 28 хоногийн дараа юу өөрчлөгдөв?

Сар шинийн өмнө Засгийн газар хуралдаж Ерөнхий сайд цагаан сарын өдрүүдэд цахилгаан, дулааны хязгаарлалт хийхгүй байхыг үүрэг болгов. Нийтээрээ хязгаарлагдаагүй ч баярын өдрүүдэд эрчим хүчний хэрэглээ улам нэмэгддэг хойно хэсэг газруудад ток тасарч айлууд буузаа түүхийрүүлэв. Бүгд л мэдэж байгаа манай улсын эрчим хүч хялгасан утас дээр арай ядан тогтож байгаа. Хэдий тийм ч баярын өдрүүдэд хязгаарлалт хийлгүй хүчээр тогтоож өнгөрсөн. Бараг Б.Чойжилсүрэн сайд өөрөө очиж галдан байж тогтоосон биз. Гол нь өнгөрсөн 28 хоногийн дотор юу өөрчлөгдсөн бэ гэдэг асуултад хэн ч хариулсангүй. Гэхдээ бодит байдал өөрөө хариулт юм. Юу ч өөрчлөгдсөнгүй, өдөр хоногийн тоо л өөрчлөгдөв. ТЭЦ IV хэдэн зуухаа засаж нугас нь тасарчихгүй ажиллагаатай болсон. Нүүрсээ хөлдөөчхөөд галаа түлж чадахгүй байсан бөөрөлжүүтийн цахилгаан станц нүүрсээ гэсгээж бүрэн чадлаараа биш тодорхой хэмжээнд ажиллаж эхэлсэн. Бусдаар тодорхой өөрчлөлт гарсангүй. Яаж ч гарах вэ дээ. Олон жил хуримтлагдаж ирсэн асуудал нэгхэн сарын дотор өөрчлөгдөнө ч гэж юу байх вэ. Б.Чойжилсүрэн байтугай бурхан ч чадахгүй гээд зугтаах биз. Энэ хэвээрээ үргэлжилбэл удахгүй эргээд хязгаарлалтад орох нь тодорхой. 

Чөлөөлөх үү эсвэл...

Засгийн газар ээлжит ёсоор өнөөдөр хуралддаг. Гэхдээ өнөөдрийн хурлаар эрчим хүчтэй болон Б.Чойжилсүрэн сайдтай холбоотой ямар ч асуудал яригдсангүй. Хурлынхаа араас мэдээлэл ч хийсэнгүй. Сайдууд нь нэг нэгээрээ арын хаалгаараа гараад сарнив. Харин мань хүн сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Ингэхдээ суудлаасаа буухад бэлэн байна гэдгээ илэрхийлэв. Үүрэг авсан нэг нь өөрчилсөн зүйл байхгүй 30 хоногоо тоолоод сууж байдаг. Үүрэг өгсөн нь угаасаа өөрчлөлт гарахгүй гэдгийг мэдсээр байж олны хэл амыг дарахын тулд 30 хоногийн хугацаа өгчихсөн. Хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдын өөрийн имижид сэвтэй. Худлаа ярьдаг, хэлсэндээ байж хариуцлага тооцож чаддаггүй хэмээн яриа гарна. Улс даяараа Б.Чойжилсүрэн сайдын хоногийг тоолж суугаа учраас зүгээр өнгөрөөж бас болохгүй. Магадгүй үүрэг өгөхдөө л дараагийн алхмаа тооцоолчихсон байж болох юм. Тэр нь чөлөөлөх. Удахгүй бид шинэ Эрчим хүчний сайдтай болох нь ээ. Галтай суудал дээр хэн гэгч зоригтон нь ирж суудаг юм бол доо. 

Нөгөө талд нийслэл хот нь харанхуйлах дээрээ тулчхаад байхад нийслэл төсөвтөө тодотгол хийж 350 тэрбум төгрөгийг трамвайн төсөлд өгөх тухай яригдаж байна. 350 тэрбум төгрөгөөр нэг цахилгаан станц барихад хангалттай хүрнэ. Гэвч нийслэл цахилгааныхаа асуудлыг бус цахилгаан хэрэглэдэг төслөө урагшлуулахыг хүсэв. Засгийн газар нь цахилгааны асуудал дээрээ нэмээд нэг сайдаа яах уу гээд сууж байхад ийм шийдвэр гаргах гээд сууж байдаг. Хоржоонтой байгаа юм шүү. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe