Монголын компаниуд Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх боломж нээгдлээ

.Graph
2026-02-25

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондон хотноо Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггеттой уулзаж, Монголын уул уурхайн компаниудыг тус биржид бүртгүүлэх, олон улсын хөрөнгө оруулагч татахад дэмжлэг үзүүлэх талаар тохиролцов.

Уулзалтаар уул уурхайн төслөөс иргэдэд хүртэх өгөөжийг Баялгийн сангаар дамжуулан, хөрөнгийн зах зээлийн үр ашигтай хэрэгслээр хүргэх боломж, иргэдийн санхүүгийн мэдлэг, хөрөнгө оруулалтын соёлыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахим платформ, санхүүгийн шинэ хэрэгслийг нэвтрүүлэх чиглэлээр туршлага солилцох асуудлыг ярилцсан байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын уул уурхайн компаниудыг дэлхийн зах зээлд гаргахын зэрэгцээ, олон нийтийн санхүүгийн боловсрол, хөрөнгө оруулалтын оролцоог бодитоор нэмэгдүүлэх суурь болохоор байгаа талаар тус яам мэдээллээ.

1801 онд байгуулагдсан Лондонгийн хөрөнгийн биржид өнөөдөр 60 гаруй улсын мянга орчим компани бүртгэлтэй, зах зээлийн нийт үнэлгээ нь 6 их наяд ам.доллар, үүнээс уул уурхайн салбар 700 тэрбум ам.долларт хүрдэг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe