Жолооч нар торгуулийн мэдээллээ харж, төлөх зориулалттай Tpay.gov.mn системийг Сангийн яамнаас нэвтрүүлсэн.
Тэгвэл уг систем ажиллахаа больж, иргэд хохирох нөхцөл бүрджээ.
Учир нь хиймэл оюунд суурилсан хяналтын камер ажиллаж эхэлснээр жолооч нар 14 хоногийн дотор торгуулиа төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг болсон.
Харин хугацаандаа төлөөгүй тохиолдолд 50 хувиар нэмэгддэг. Мөн торгууль нь 450 мянгаас төгрөгөөс дээш болсон тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлж, нийтэд тустай албадан хөдөлмөр эрхлүүлэхээс гадна цаашлаад хугацаа хэтэрвэл 7-30 хоног баривчлах дүрэмтэй.
Иймд автомашинтай иргэд энэ хугацаандаа амжиж торгуулиа төлөх гэтэл мэдэгдэл ирж байгаа ч төлбөрөө хийж болохгүй, хаана хандах нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн.
Сангийн яамнаас тодруулахад, “Жолоочид e-mongolia-р дамжуулаад торгуулиа төлөхөд ямар ч асуудалгүй болж байгаа. Tpay.gov.mn дээр гарч байгаа асуудлыг бид биш прокурорын газар мэднэ” гэлээ.
Энэ талаар Хуульч О.Батхүү “Автомашины торгуулийг иргэд дурын банкны аппликэйшн эсвэл torguuli.mn ашиглаж төлдөг байсан. Гэтэл одоо энэ нь боломжгүй болсон. Өмнө ямар ч асуудалгүй хувийн байгууллагууд болгоод явж байсан ажлыг албан хүчээр хааж, зогсоогоод төр лүү шахаж байгаа нь маш буруу. Тэр систем нь ч ажиллахгүй байна. Иймд мэдээллийн технологийн холбооноос тавьж байгаа гол шаардлага нь иргэдэд төлбөрөө төлөх олон талын боломж олгохыг л хүсэж байна. Сангийн яамтай уулзахад энэ асуудалд бидэнд ямар ч хамааралгүй гэж байна” гэв.
Тэгвэл шинээр хөгжүүлсэн Tpay.gov.mn гарснаар өмнө нь торгуулийн мэдээллээ авдаг байсан Smart car, Торгууль.мн зэрэг хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг зогсоосон.
Хувийн хэвшлийнхнийг төлөөлөн Мэдээллийн технологийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхжаргал “Энэ үйлчилгээ ажиллагаагүй болоод бараг гурван сар болж байна. Холбогдох газруудтай уулзахад дарга бүр нь манайд хамаагүй, ямар ч асуудалгүй прокурорын мэдэх асуудал гэцгээж байна. Харин прокуророос бидэнд хоёр ч удаа мэдэгдэл явуулахдаа манайд хамаагүй төрийн сан мэднэ гэсэн. Төр нэг систем нэвтрүүлэхэд л урьд нь хэвийн ажиллаж байсан бүх газруудыг ажиллагаагүй болгож байгаа нь бидэнд хардах сэдлийг төрүүлж байна” гэв.
Зөвхөн шинээр хөгжүүлсэн систем нь ажиллахгүй байгаагаас гадна төр хувийн хэвшлийнхний боломжийг хааж, дэргэдээ байгаа хэдэн компаниудаар л хязгаарлаж байгаа нь зүй бус юм. Яг энэ асуудлаар Gerege, Smart car зэрэг хувийн компанийн төлөөллүүд Сангийн яамтай уулзлаа.
Энэ талаар Сангийн яамны төлбөр тооцооны хэлтсийн дарга Н.Саруул “Төлбөр тооцооны хэсэг дээр төрийн сан дээр орлого, зарлага хэвийн явагдаж байгаа. Харин хуучин үйл ажиллагаагаа явуулж байсан Gerege, Smart car зэрэг компаниуд системийн шинэчлэлтэй холбоотой улсын ерөнхий прокуророос баримт бичиг гаргуулж авах өөрчлөлтийг хийхдээ тодорхой нэг хэсэг дээр буруу утга өгсөн учраас системд алдаа гарсан. Тиймээс компаниуд өөрсдөө утгаа зав явуулсан тохиолдолд иргэд тухайн газруудаар дамжуулан торгуулиа төлөх боломжтой” хэмээж байсан юм.
Дээрх хувийн хэвшлийн төлөөлөл үргэлжлүүлэн Улсын Ерөнхий прокурорын газартай уулзахаар боллоо.
Сэтгэгдэл үлдээх