1072 хувьцаа нь бүрэн бол 70,216 төгрөг ногдож байна

Ц.Чимэдцэеэ
2026-02-26

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу 1072 хувьцааны ногдол ашиг болон асуудлаар мэдээлэл өглөө.

Тэр танилцуулгадаа 2022 он хүртэл хатуу коксжих нүүрсийг олборлож байсан. Үүнээс цааш ордыг сорчлохгүй буюу бүх төрлийн нүүрсийг зах зээлд гаргана гэдэг бодлого баримталж байгаа гэв.

Одоогоор 7-8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлж байна.

2025 оны хувьд Баруун цанхын хойд хэсэгт 15 жил ашиглах нөөц бүхий сайн чанарын нүүрсний уурхайг нээн олборлож, брэнд бүтээгдэхүүн болгон биржээр 77.4 ам.доллароор арилжиж байсан бол 97.4 болж борлуулалтын орлого өссөн.

Ийнхүү өнгөрсөн оны ашгаас нэгж хувьцаанд 65.5 төгрөг хуваарилах шийдвэрийг тус компанийн ТУЗ-өөс шийджээ.

"ЭТТ" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу “Ногдол ашгийг ямар нэг мэдэгдлийн дараа тараах шийдвэр гаргах ёсгүй. Энэ бол аливаа улс төрийн шийдэл биш. Ашигтай ажиллавал тараадаг, ашиггүй ажиллавал тараадаггүй өөрийн зарчмаар явдаг” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ удаагийн ногдол ашиг нийтдээ 786.6 тэрбум төгрөг болж байгаа бол үүнээс 0.6 тэрбум нь ААН-д, 199.2 тэрбумыг иргэдэд олгохоор байна.

1072 хувьцаа нь бүрэн байгаа иргэн 70,216 төгрөг авна гэсэн үг.

Мөн нүүрсний үнийн талаар мэдээлэл өглөө.

Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрон эргэхгүй.

Манай улсын нүүрс эрэлттэй байгаа шалтгаан нь үнээ бага тогтоосонтой л холбоотой. Тухайлбал, бид 2020-2022 оны нүүрсний үнэ өссөн алтан үеийг алдаж, “амны” буюу  зах зээлийн үнээс доогуур борлуулж байжээ.

Үүнээс хойш биржээр арилжаалж, дээрх бодлогын алдааг засаж байгаа талаар дурдлаа.

2025 оноос хойш нүүрсний үнэ 44 хувиар өссөн, 2026 оны 2 сарын байдлаар тн нь 1026 юань буюу цаашид харьцангуй өөдрөг төсөөлөлтэй байна.
 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe