Халуухан хавар

Б.Энхтулга
2026-02-12

Монгол Улс авлигын индексээр 10 байр ухарч 124-т орсон гэдэг бараан мэдээтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар улсынхаа хил орчимд хууль бусаар газар олгоход оролцсон цочир мэдэгдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хийлээ. Уг нь хуульдаа хил орчмын 15 км газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ёсгүй байдаг. Гэвч 34 мянга 227 га газрыг огцрохоосоо ердөө дөрөв хоногийн өмнө олгох тогтоол гаргасан байна. Хэрвээ энэ үнэн бол маш том гэмт хэрэг. Ялын хэмжээ ч бага биш. Б.Энхбаярын хэлээд байсан улс төрийн тодорхой албан тушаал хашиж байсан хүмүүсийн гэмт хэргийг ил болгоно гээд байсан нь үүгээр эхэлж байгаа бололтой. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн ойролцоох хүмүүстэй холбогдсон хэргээр эхэлж байгаа нь нэг мөсөн дарж авахыг хүссэн хүслийн захиас мэт харагдаж байна. Улс төрийн тогоонд нэгхэн жил хүрэхгүй хугацааны өмнө буцалж, мандаж явсан Л.Оюун-Эрдэнэ эргэлт хийх гэж оролдсоноор өнөөдөр орох газаргүй болж төрийн дайсан болж ял авах магадлалтай боллоо. Эх орныхоо ялангуяа хилийн зурваст хуулиа зөрчиж газар олгосон түүний энэ асуудал цүнхнээс нь ч долоон дор. Тэгээд үүнтэй нь Хотын дарга Х.Нямбаатар холбогдож орж ирж байгаа нь бүр л хардах үндэслэл. Түүний хүмүүсийг ул мөргүй улс төрөөс хөөж явуулах сценари эхэлж байх шиг. Х.Нямбаатар хууль зүй, дотоод хэргийн сайд байх үедээ 2022 онд “Смарт Эко транс” гэх компанид Терминал байгуулах төслийн тогтоол гаргаж давуу эрх олгосон гэв. Энэ компани нь хууль бусаар хил орчмын бүсэд газар авсан компаани нь болж таарч байгаа юм.

Хотын дарга Х.Нямбаатарыг унагаж түүний оронд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар очих магадлалтай байгаа талаар өмнө нь нийтлэлдээ дурдаж байсан. Өмнөх нийтлэлийг унших: https://graph.mn/news/4560  Харин мань Х.Нямбаатар Хотын даргын суудлаас буучихвал улс төрийн карьер нь өндөрлөх гээд байгаа учраас хэрэндээ л зууралдаж суугаа. Гэвч унагана гэсэн л бол унагаж чаддаг МАН-ын хэрэггүй болсон, болж байгаа хүмүүсээ унагах ажил ийнхүү эхэлж байна. Дэлгэц бэлдэж байгаад хэргийн материалаас гадуур хэрэг ярьдаг Г.Занданшатарын буу Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаад эхэлсэн. Халуухан хавар хохирох хүмүүсээ ч нэрлээд эхэллээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёртой хөтлөлцөөд явах хүмүүсээр Сайд Б.Тулга, Хотын дарга Х.Нямбаатар нар байх нь ээ. Ардын намын босогчдын дунд яаж дутах вэ Ардчилсан намын сайд С.Одонтуяа ч бас ороод амжиж. Мань эгч өөрийнх нь багтсан Засгийн газар унаад дараагийн Ерөнхий сайд нь томилогдох өдөр нөгөө “Смарт эко транс” компанид газар ашиглуулах тушаал гаргачхаж. Тэдний хоморгод хатуу шийтгэл авах вий дээ. Оролцсон нь үнэн бол тэгээд авахаас өөр яах вэ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын яриад байгаа газар олгосон, “Смарт Эко транс” компанид давуу бий байдал болгосон гэх Засгийн газрын тогтоолыг хайгаад олдоггүй. 95, 262, 346-р тогтоолууд. Засгийн газрын гаргаж байгаа тогтоолууд Legalinfo.mn сайтад уг нь байршин архив болж үлдэх ёстой. Гэвч яг энэ хэргүүдтэй холбоотой тогтоолууд алга. Сониноос 95-р тогтоол их танил сонсогдож байгаа биз. Нөгөө яагаа вэ Г.Занданшатарыг унагаадаг тогтоол нь 95 байсан ш дээ. За тэр яах вэ дээрх тогтоолуудыг Legalinfo.mn-д байршуулахгүйгээр нууцаар гаргаад нууцаар баталсан байж болох уу? Хууль зүй, дотоод хэргийн сайд нь худал хэрэг зохиож яриагүй л байлгүй дээ. Хавар халуухан хэргүүд улам тодорхой болж Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс шүүх, цагдаагийн газрын үүд сахих нь тодорхой болж байна. Ах нар ч муудалцахаараа айхтар муудалцдаг болж байгаа юм байна даа. МАН-ын хагарал нэг хэсэг нь шоронд орж байж л дуусах шинжтэй. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Ene odoo facebook iin neg troll uzel bodloo bichj bga ym shig l bichhiin sda. Setguulch ymu yu ymbe za ter yahwe edr gtsn. Zuer neg shar medeenii site ymu

M

Дэмжих үү?

0 1
Newsletter Subscribe