УНТЭ: Төрийн нарийн бичгийн даргын шаардсан зүйлсийг биелүүлэхгүй бол шууд эмнэлгийн үйл ажиллагаа тасалддаг

Ц.Чимэдцэеэ
2026-02-26

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн зарим удирдлага, эмч нар төсвийн төлөвлөгөөгөө боловсруулаад, ТУЗ-өөр батлуулахаар оруулсан. Гэтэл яг энэ үеэр дарга солигдож, үйл ажиллагаанд асуудал үүсэж эхэлсэн талаар мэдээллээ.

Улмаар эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тасалдаад байгаа гэв.

Хуулийн дагуу тус эмнэлгийн ТУЗ есөн гишүүнтэй. Эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурав, олон нийтийг буюу ТББ-аас гурав, Сангийн яамны нэг, Эрүүл мэндийн даатгалын газрын нэг, Эрүүл мэндийн яамны нэг гишүүнээс тус тус бүрддэг байна.

Тэгвэл ТУЗ-тэй холбоотой дараах асуудал байдаг.

  • ТББ-аас төлөөлж буй гурван гишүүнийг тус эмнэлэг бус Эрүүл мэндийн яам сонгон шалгаруулдаг.
  • Эрүүл мэндийн яамыг төлөөлдөг Төрийн нарийн бичгийн даргын нөлөөлөл зөрчлийн шинжтэй байж болзошгүй. Учир нь уг албан тушаалтны шаардсан зүйлсийг биелүүлэхгүй бол шууд эмнэлгийн үйл ажиллагаа тасалддаг гэв.
  • Эрүүл мэндийн даатгалын газрыг төлөөлдөг нэг гишүүн өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа өгсөн ч энэ оны нэгдүгээр сарын 30 хүртэл ТУЗ-ын хуралд суусан. ЭМДГ-аас энэ хүнийг чөлөөлж, дараагийн хүнийг томилох тухай албан бичгийг гурван удаа Эрүүл мэндийн яамд хүргүүлсэн ч уг асуудлыг шийдээгүй.
  • Сангийн яамыг төлөөлж буй нэг гишүүн урт хугацааны чөлөөтэй, гадаадад суралцаж байгаа. Тэгэхээр албан ёсоор ТУЗ-ийн гишүүн мөн эсэх нь эргэлзээтэй.
  • Мөн нэгдүгээр сарын 30-нд ТББ-ын нэг төлөөлөл, эмнэлгийн нэг төлөөллийн тус тус хугацаа нь дууссан.

Ийнхүү дөрвөн гишүүнтэй холбоотой тодорхой бус байдал үүссэн байхад Гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх тогтоолууд ирсээр байгаа нь холбогдох журмын дагуу хүчин төгөлдөр, хурлын ирц бүрэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. 

УНТЭ-ийн Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Чойдог энэ талаар тодруулга авах гэсэн ч хариу ирээгүй, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар тогтоолын төсөлтэй хамт хурлын тэмдэглэл хөтөлж, уншиж танилцах ёстой ч уг ажиллагаа хийгдээгүй талаар мэдээлэв.

Ташрамд дурдахад, энэ сарын 9-нд тус эмнэлгийн Ерөнхий захирал  Н.Лхажий өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол түүний оронд ТУЗ-өөс Анхтуяа гэдэг хүнийг томилсон талаар албан хаагч нарт мэдээлсэн байна.

Энэ бүх ажиллагаа хүчээр хийгдэж, ямар үндэслэлээр энэ хүнийг томиллоо гэдэг мэдээлэл өгөхгүй байгаа эмч, ажилчдын бухимдлыг төрүүлж байгаа талаар онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe