Ерөнхийлөгч Дональд Трампын 107 минутын илтгэл хэр үнэмшилтэй байв?

Д.Халиунаа
2026-02-27

АНУ-ын Ерөнхийлөгч жил бүр Конгрессын дээд болон доод танхимд улс орны нөхцөл байдлын талаар томоохон илтгэл тавьдаг уламжлалтай. Энэ удаад Дональд Трамп үг хэлж, ирэх жилийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон юм. 

Түүний илтгэл 1 цаг 47 минут 46 секунд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд нийт хамгийн их буюу 10.599 үг хэлсэн гэж тооцоолжээ. Энэхүү амжилт нь бүх цагийн амжилтыг эвджээ. Трамп өнгөрсөн онд 1 цаг 39 минут 32 секунд илтгэл тавьж байжээ. Хамгийн сүүлд үүнтэй дөхөх амжилтыг 2000 онд Билл Клинтон 1 цаг 28 минут 49 секундээр тогтоож байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп:

"Би 12 сарын өмнө энэ танхимд үг хэлэхдээ эдийн засаг нь зогсонги байдалд орсон, инфляц нь түүхэн дээд түвшиндээ хүрсэн, хил хязгаар нь нээлттэй, дотооддоо гэмт хэрэг газар авсан, хямралд орсон байсан улсыг хүлээн авсан байсан. Жо Байден болон түүний Конгрессын холбоотнууд манай улсын түүхэн дэх хамгийн муу инфляцыг бий болгосон"

Баримтыг шалгасан нь: Худал

Ерөнхийлөгч асан Байдены албан тушаалдаа ажилласан сүүлийн бүтэн сар болох 2024 оны 12 дугаар сард АНУ-ын жилийн инфляцын түвшин  2.9% байжээ. Харин Трампын албан тушаалаа авсан эхний сард энэ үзүүлэлт 3%-д хүрчээ. Энэ оны нэгдүгээр сард энэ тоо 2.4% болжээ. Инфляцын түвшин 2022 онд 9.1 хувь байсан бөгөөд өнгөрсөн онд нь Жо Байден орж ирснээр энэ үзүүлэлт огцом буурсан гэж үздэг байна. АНУ-ын инфляц 1920 онд 23.7% буюу хамгийн өндөр түвшиндээ хүрч байжээ. 

"Өнөөдөр манай улсын хил аюулгүй, инфляц огцом унаж, орлого хурдацтай өсөж, эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдэж, бидний сэтгэл санаа сэргэж, дайснууд биднээс айж байна"

Баримтыг шалгасан нь: Худал

Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш АНУ-ын эдийн засаг 2.2 хувиар өссөн нь Жо Байдены үеийн Ерөнхийлөгч байсан үеийн жилүүдээс бага байсан гэж тооцоолжээ. 2024 онд тус улсын эдийн засаг 2.8 хувийн өсөлт ажиглагджээ.

"Намайг ирэхээс өмнө ихэнх мужуудад нэг галлон бензин зургаан ам.доллароос дээш үнэтэй болж оргил үедээ хүрсэн байсан. Харин одоо ихэнх мужид нэг галлон бензин 2.30 доллароос бага, бүр зарим газарт галлон нь 1.99 ам.долларын үнэтэй байгаа"

Баримтыг шалгасан нь: Худал

АНУ -ын Автомашины Холбоо (AAA)-ны мэдээлснээр, мягмар гараг гэхэд аль ч мужид нэг галлон шатахууны дундаж үнэ  2.37 ам.доллароос доош байгаагүй гэж мэдээлжээ. Хоёрдугаар сарын 26-ний байдлаар АНУ-д нэг галлон бензин буюу бензиний улсын дундаж үнэ 2.97 ам.доллар байна. Галлон нь 2.30 ам.долларын үнэтэй цорын ганц муж бол Оклахома бөгөөд энэ нь Автомашины Холбооноос гаргасан жагсаалтын хамгийн хямд бензинтэй муж байна. Тэгэхээр өөр ямар мужид үүнээс бага дүнтэй бензин байхгүй болж таарлаа. Гэхдээ 2025 онд түүнийг эргэн ирэх үед бензиний дундаж үнэ 3.12 ам.доллар байжээ.

"12 сарын хугацаанд би дэлхийн өнцөг булан бүрээс 18 их наяд гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн" 

Баримтыг шалгасан нь: Худал

Трампын илтгэлээ тавьсан оройн байдлаар Цагаан ордны өөрийн вэбсайт дээр Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд 9.7 их наяд долларын томоохон хөрөнгө оруулалт татсан гэх мэдээлэл байна. Петерсоны Олон Улсын Эдийн Засгийн Хүрээлэнгийн статистикч Грег Ауклер АНУ-д сүүлийн нэг жил гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн гэжээ. Гэсэн ч 18 их наяд ам.доллар гэдэг бол зохиомол тоо байжээ.

"Эхний арван сарын хугацаанд би Камбожыг оролцуулаад нийт найман дайныг дуусгасан. Тэгээгүй бол Камбож, Тайланд, Пакистан, Энэтхэг гээд тэд цөмийн дайн хийх байсан"

Баримтыг шалгасан нь: Хэтрүүлэгтэй

Түүний хэлээд буй найман улсад Израиль-Хамас, Израиль-Иран, Пакистан-Энэтхэг, Руанда -Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Тайланд-Камбож, Армен-Азербайжан, Египет-Этиоп, Серби-Косовогийн зэрэг улсыг хэлээд буй юм. Гэвч Энэтхэг АНУ-ын оролцоогүйгээр цэргийн ажиллагааг зогсоох хүсэлтийг Пакистаны зэвсэгт хүчний ажиллагаа хариуцсан даргаас ирүүлсэн гэж мэдэгджээ. Мөн одоогоор зарим энхийн хэлэлцээрүүд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

"Өнөөдөр манай улсын түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй олон ажлын байр бий болж, түүхэндээ хамгийн олон хүн хөдөлмөр эрхэлж байна"

Баримтыг шалгасан нь: Төөрөгдүүлсэн

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны (BLS) мэдээлснээр, 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 158 сая гаруй Америк иргэн ажил эрхэлж буй нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон ч одоогийн байдлаар АНУ-д 342 сая иргэнтэй. Энэ тоо ирэх жилүүдэд өсөх магадлалтай тул эдийн засагчид түний хэлснийг нөхцөл байдалтайгаа уялдуулан тооцоолох хэрэгтэй гэжээ. Трампыг эргэн ирснээс хойш ажилгүйдлийн түвшин үнэндээ бага зэрэг өсжээ. 2024 оны 12 дугаар сард ажилгүйдлийн түвшин 4.1% байсан бол 2026 оны нэгдүгээр сард 4.3% болж өсжээ. 




 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe