МАН засагласан 10 жил ДНБ 4 дахин өссөн ч иргэдийн амьдралд өгөөжгүй байна

Ц.Чимэдцэеэ
2026-02-27

Монгол Ардын Намын II Бага хурал үргэлжилж байна.

Хурлын эхэнд намын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогын чиглэлийг танилцуулсан. Үүндээ “эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаална” хэмээн онцолж, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг бодлогын шинэчлэл хийхээ мэдэгдэв.

Нэг. Эдийн засаг

  • Зөвшөөрлийн тогтолцоог цөөлж, 1000 гаруй “зүсээ хувиргасан” зөвшөөрлийг 134 энгийн зөвшөөрөл, 32 мэдэгдэл болгон бууруулах.
  • 31 зөвшөөрлийг бүрмөсөн хална.
  • Гадаадын банкуудыг зах зээлд оруулж, зээлийн хүүг бууруулах өрсөлдөөнийг дэмжинэ.
  • НӨАТ, ХХОАТ болон ААН-ийн татварын ачааллыг нийт 2.7 их наяд төгрөгөөр хөнгөрүүлнэ.
  • Төрийн өмчит компаниудын бүтэц, зардлыг танаж, хувийн хэвшилд орон зай нээнэ.

Хоёр. Эрх зүй

  • УИХ-д өргөн баригдах хууль бүр хүний эрхийн шалгуураар дүн шинжилгээ хийдэг тогтолцоог нэвтрүүлсэн.
  • Хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюун ашиглан дүн шинжилгээ хийхэд 1000 гаруй заалт хүний эрхийг хязгаарласан байна.
  • Үндсэн хууль зөрчсөн, хийдэл давхардалтай заалтуудыг цэгцэлж, хүний эрхийг нэн тэргүүнд тавина.

Гурав. Ногоон хөгжил

  • Эрчим хүч, түлш шатахууны импортын хараат байдлыг бууруулах “3х100” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • “100 мянган нарны гэр” санаачилгаар гэр хорооллын айл өрхүүдийг нарны системд шилжүүлнэ.
  • 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц байгуулна.
  • Эрчим хүчний тухай, Дулаан хангамжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиудыг шинэчилнэ.

Дөрөв. Авлигын эсрэг 

  • Авлигын хэрэгт холбогдсон намын гишүүдийг түдгэлзүүлэх саналыг гарган гэмт хэрэгт холбогдсон Д.Амарбаясгалан, Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулсан гэх А.Амундра нараас намаа чөлөөлөх асуудлыг Хяналтын зөвлөлдөө танилцуулав.
  • Төрийн албаны бүтцийг цомхон, үр дүнтэй болгоно.
  • 213 мянган албан хаагчтай данхар төрийн бүтцийг шинэчилж, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтрүүлнэ.
  • Цахим шилжилтийг гүнзгийрүүлж, давхар тайлан, цаасан хүнд суртлыг хална.

Ташрамд дурдахад, МАН 2016 оноос хойш тасралтгүй засаглаж байна.

Тэгвэл  ДНБ 10 жилийн хугацаанд 4 дахин өссөн ч үр өгөөж иргэдэд бүрэн хүрээгүй. Инфляц 8.2 хувь, өрхийн бодит орлого дарамтад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2025 онд 50 хувиар буурсан. Экспорт өссөн ч дэд бүтцийн хоцрогдлоос боломж алджээ.

МАН-ын дарга Н.Учрал “Авлигын эсрэг чөлөөлөлтийг Ардын нам өөрөөсөө эхэлнэ” хэмээн мэдэгдэж, нам авлигачдаас ангид байх ёстойг онцоллоо.

Ийнхүү МАН “эрх чөлөө”-г төвд тавьсан бодлогын шинэ чиглэлийг зарлаж, эдийн засгийн тусгаар тогтнолыг иргэний эдийн засгийн эрх чөлөөгөөр дархална гэсэн байр суурийг илэрхийлэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe