Монголын Эмнести Интернэшнл нь дахин төлөвлөлт нэрийн дор хүний эрх ноцтойгоор зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж буйд гүнээ санаа зовниж, албадан нүүлгэлт болон албадан нүүлгэлттэй дүйцэх аливаа үйлдлийг эрс буруушааж байна. Хот төлөвлөлт, дэд бүтцийн шинэчлэл нь нийтийн эрх ашигт чиглэсэн бодлого байж болох боловч энэ нь хүний шаардлагад нийцсэн орон байртай байх эрх, хүний эрхэм чанар, шударга процессын баталгааг үл ойшоох, зөрчих үндэслэл огт биш юм.[1]
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо “албадан нүүлгэлт нь хүний эрхийн ноцтой зөрчил” болохыг онцолж, ийм төрлийн үйлдэл нь шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн агуулгад шууд харшилдгийг тодорхойлсон.[2] Түүнчлэн албадан нүүлгэлтийг зөвхөн онцгой тохиолдолд, олон улсын холбогдох зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстойг заасан байдаг.³
Иймд аливаа албадан нүүлгэлт нь хууль ёсны үндэслэлтэй, урьдчилсан, бодитоор зөвлөлдөх, иргэдийн оролцоог хангах, шударга бөгөөд бүрэн нөхөх олговор олгох, нөлөөллийн үнэлгээ хийх, шүүхийн болон шүүхийн бус журмаар эрхээ хамгаалах бодит боломжийг хангах зэрэг процессын баталгааг бүрэн хангасан байх ёстой.[3] Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хүч түрэн өмчид халдах, нураах, оршин суугчдыг амьдрах боломжгүй нөхцөлд оруулах нь процессын баталгааг хангаагүй, хууль бус албадан нүүлгэлтэд тооцогдох ноцтой эрсдэлийг үүсгэнэ.
Монгол Улс нь “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д нэгдэн орсон улсын хувьд хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхгүй байх үүрэг хүлээсэн.[4] Тус Конвенцийн 1 дүгээр зүйлд “…айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх… зорилгоор… тухайн хүний бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэл”-ийг эрүүдэн шүүх гэж тодорхойлсон.[5]
Түүнчлэн 16 дугаар зүйлд улс нь эрүүдэн шүүхэд тооцогдохгүй боловч хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэх бусад үйлдлээс сэргийлэх үүрэгтэйг тогтоосон.[6]
Иймд дахин төлөвлөлт нэрийн дор хүн амьдарч байгаа орон байрыг санаатайгаар хэсэгчлэн нураах, ус, цахилгааныг таслах, айдас, тодорхойгүй байдал үүсгэх замаар нүүхээс өөр аргагүй нөхцөлд хүргэх аливаа практик нь хүний эрхэм чанарыг үгүйсгэсэн, хүнлэг бус, нэр төрийг доромжлон харьцахтай дүйцэх эрсдэлийг бий болгодог бөгөөд Монголын Эмнести Интернэшнл ийм үйлдлийг эрс буруушааж байна.
“Нийтийн эрх ашиг” гэх ойлголтыг нэг иргэний үндсэн эрхийг золиослох шалтаг болгон ашиглах оролдлого нь хууль дээдлэх зарчимд харшилна. Олонхын зөвшөөрөл нь ганц хүний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хүчингүй болгох үндэслэл биш.
Хүн төвт хөгжлийг стратегийн түвшинд тунхагласан атлаа бодит бодлогын хэрэгжилтэд хүний эрхийн баталгааг сулруулж буй нь хүний эрхийн ухралт болно. Иймд Монголын Эмнести Интернэшнлээс Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан:
Монголын Эмнести Интернэшнл нь 2015 оноос хойш хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой хүний эрхийн асуудлаар тууштай ажиллаж, албадан нүүлгэлтээс үүдэх хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэлийг удаа дараа анхааруулж, судалгаа, тайлангаар нотолж ирсэн. Ийм байтал өнөөдөр дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийн орон байртай байх эрх, хүний эрхэм чанарт халдсан шинжтэй үйлдлүүд гарч буйд бид гүнээ харамсаж байна.
Эмнести Интернэшнлээс иргэдийн шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хуулийн хамгаалалтыг бодитойгоор бэхжүүлэх, хот төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт, агуулгыг цогцоор нь эргэн харж, олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээ болон Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын үндсэн зарчим болох “хэнийг ч үл орхигдуулахгүй байх” зарчмын агуулгад бүрэн нийцүүлэхийг холбогдох эрх бүхий байгууллагуудад дахин шаардаж байна.
[1] Монголын Эмнести Интернэшнл, “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрх”-ийн хамгаалалт, анхаарах асуудлын тойм, Улаанбаатар, 2025.
[2] Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Ерөнхий зөвлөмж №4: Шаардлагад нийцсэн орон байртай байх эрх (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг), 1991 он.
[3] Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Ерөнхий зөвлөмж №7: Албадан нүүлгэлт (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг), 1997 он.
[4] Нэгдсэн Үндэстний Байгууллага, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, 1984 оны 12 дугаар сарын 10.
[5] Мөн Конвенц, 1 дүгээр зүйл, 1 дэх хэсэг.
[6] Мөн Конвенц, 16 дугаар зүйл, 1 дэх хэсэг.
Сэтгэгдэл үлдээх