МЭДЭГДЭЛ
Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй.
“Т.Аюурсайханы хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй” гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг 2024.09.12-ны өдөр албан ёсоор олон нийтэд мэдээлсэн байтал (албан ёсны линкийг сэтгэгдэл хэсэгт байршуулав) өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр гүтгэж мэдээлсээр байгааг олон түмэн харж байгаа.
Миний бие 2000 онд гадаадад сургууль төгсөж Эх орондоо ирээд 25 настайдаа үйлдвэр байгуулж бизнес хийж эхэлсэн цагаас хойших 20 гаруй жилийн миний өмч хөрөнгийг шалгасан. Миний бие энэ урт хугацааны бүх өмч хөрөнгөө баримтаар нотолсон. /Алтан морь г.м бүгд зориуд тараасан гүтгэлэг байсан/ Хэрхэн яаж нотолсноо, өнөөдөр шүүх ямар байдалтай байгааг удахгүй ард олонд нээлттэй танилцуулах болно. Л.Оюун-Эрдэнийг тосгонд галч байхад нь миний бие бизнестэй, үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан бол Л.Оюун-Эрдэнэ эдүгээ дэлхийд толгой цохих хөрөнгөтөн болж, харин би ял авав.
Миний бие Л.Оюун-Эрдэнийг хүнд цагт нь яаж тулж түшиж, тусалж, бүх л өндөр албан тушаалд хүрэхэд нь дэмжсэнийг ард түмэн мэднэ. Түүнд хууртагдаж, итгэсэн нь миний алдаа болж, би цагаан дээр хараар бичсэн хууль, өөрийнхөө явсан замнал, гишгэсэн мөрөндөө итгэснээсээ болж өөрийгөө хамгаалж, дуугарч, тэмцэж чадаагүй. Монголын Эх орон, ард түмний төлөөх миний улс төрийн замнал ҮНЭН байсан.
Миний бие Эх орныхоо баялгаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Эсрэгээр нь, баялгийг эзэн ард түмэнд нь хүртээхийн төлөө хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй этгээдүүдийн эсрэг хамгийн хэцүү тэмцлийг хийсээр ирснийг олон түмэн мэднэ. 2017 онд Эрдэнэс тавантолгойн ордыг бүхлээр нь Шинхуа-Энержи Ресурс нэгдэлд 100 хувь бүрэн ашиглуулах нэрээр хувьчлах гэж байсныг нь оройлон манлайлж зогсоосон. Эрдэнэт үйлдвэрийг хувь этгээдүүд завших гэж байсныг оройлон манлайлж зогсоосон. Оюу толгой ордыг ард түмэнд ашигтай болгохын төлөө цуцалтгүй зүтгэж тэмцсэн. Стратегийн орд газрын баялгийг ард түмэн хүртэх талаарх Үндсэн хуулийн 6.2 заалт нь миний бие санаачилж, үг, үсэггүй боловсруулснаар 2017 онд батлагдсаныг тэр үеийн УИХ-ын дарга, гишүүд мэднэ.
Монголын Эх орон, Монголын ард түмний өнгөрснийг одоо, ирээдүйтэй нь хамт хулгайлсан гэмт этгээдүүд шударга ёсны өмнө удахгүй сөхрөхийг ард түмэн харах болно. Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно.
2026.03.01
Төмөрбаатарын Аюурсайхан
Сэтгэгдэл үлдээх