Ираныг одоо хэн удирдах вэ

Д.Халиунаа
2026-03-01

АНУ-Израил 24 цагийн турш Иранд хийсэн цохилтын улмаас тус улсыг 37 жил удирдсан Аятолла Али Хаменеи алагдсан талаар Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлээд байгаа юм. Эл үйл явдал болсны дараа хамгийн нэгдүгээрт яригдах сэдэв бол түүний дараагийн залгамжлагчийг сонгох асуудал юм. 

Ираны Үндсэн хуулийн дагуу Хаменеигийн залгамжлагчийг түүнийг сонгосон байгууллага болох Удирдлагын Шинжээчдийн Чуулган сонгох ёстой. 

Энэхүү чуулган нь найман жил тутамд олон нийтийн санал хураалтаар сонгогддог 88 шашны зүтгэлтний бүрэлдэхүүн юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ чуулганыг зөвхөн Исламын Бүгд Найрамдах Улсын хамгийн үнэнч шашны зүтгэлтнүүд л төлөөлдөг байна. Тиймээс одоогийн Ассамблейн гишүүдийн дийлэнх нь Аятолла Хаменеи шиг хатуу үзэлтэй шашны зүтгэлтнүүд юм.

Үндсэн хуульд Дээд удирдагчийг аль болох хурдан сонгох ёстой гэж заасан байдаг ч АНУ, Израил Иранд цохилтоо илгээсээр байгаа энэ үед бүх хүмүүсийг цуглуулах нь аюулгүй байдлын үүднээс эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

Иран дахь одоогийн нөхцөл байдлын хувьд ард иргэд хоёр хуваагдсан байдалтай байна. Нэг хэсэг нь түүний үхэлд гашуудал зарлаж байгаа бол тус улсын төв хэсэгт орших Исфаханы гудамжинд түүний үхлийг дэмжиж байгаагаа илэрхийлж буй иргэд цугларан баярт мөчөө тэмдэглэж байна.

Тэр ч байтугай зарим иргэд “Би Дональд Трампад хайртай” гэж орилцгоожээ.

Тегеран хотын нэгэн иргэн “Ийм сайхан мэдээ дуулгаж байгаад би үнэхээр итгэж чадахгүй байна. Би шөнөжин унтаж чадаагүй. Учир нь Хаменеигүй эхний өдөх хэрхэн эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ойрхи Дорнодод илүү сайхан газар бий болно гэдэгт итгэж байна” гэжээ. 

Ийнхүү Хаменеигийн үхэлд баярлаж буй иргэд шинээр сонгогдох удирдагчид итгэл найдвараа тавьж байгаа ч дээр дурдсанчлан дахин хатуу дэглэмтэй удирдагч сонгогдох боломж өндөр байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe