Иргэдэд газар олгохыг зогсоосон Х.Нямбаатар хотын даргаар ажиллах хугацаандаа 2677.4 га газар олгожээ

.Graph
2026-03-02

Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсоныхоо дараа гаргасан эхний шийдвэрүүдийн нэг нь төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын газар олгох эрхийг зогсоосон. Ингэхдээ тэрбээр томчуудын дунд гарааны бизнесээс үүдсэн авлига нэмэгдэх эрсдэл болон хүний эрхийн зөрчил үүсэж байгааг дурдаад хотын төвлөрлийг бууруулах зорилготойгоо хэлж байв. Хотын даргын энэхүү шийдвэр өнгөрсөн сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэх болсноор дуусгавар болоод буй.

Гэтэл Засаг дарга нарыг эрхийг түдгэлзүүлж байгаад нийслэлд их хэмжээний газар эзэмшүүлэх захирамжийг Х.Нямбаатар дарга өөрөө гаргасан талаар хөндөх гэж байна.

Юуны өмнө сүүлийн гурван хотын даргын хугацаанд хэдий хэмжээний газрыг нийслэлд эзэмшүүлэх болсныг харъя.

С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар 15 сар ажиллахдаа 490 иргэн, аж ахуйн нэгжид 405.1 га, Д.Сумъяабазар 36 орчим сар ажиллахдаа 2165 иргэн, аж ахуйн нэгжид 1267.9 га газар эзэмшүүлэх захирамж гаргасан бол Х.Нямбаатар 28 сар ажилласан өнгөрсөн хугацаандаа 2079 иргэн, ААН-д 2677.4 га газар буюу хамгийн их газрын захирамж гаргажээ.

2024-2025 онд гаргасан бидэнд олдсон захирамжуудаас 36-ааг нь шүүж үзэхэд 25 нь хувь иргэнд, 11 нь аж ахуйн нэгжид олгосон ба дийлэнх нь Сонгинохайрхан дүүрэгт байршилтай байна.

Зориулалтыг нь харвал:

  • Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор
  • Мод үржүүлэг
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалан аж ахуй
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор гэсэн зориулалттай байгаа ба гурван иргэнд "Амины орон сууц" гэсэн зориулалтаар тус бүр 8000-10000 м.кв газар эзэмших эрх олгожээ.

Эдгээр нь СХД-ийн 21, 22 дугаар хороонд байршиж байна.

Хан-Уул дүүрэгт олгосон дөрвөн газар байгааг харвал:

  • Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор
  • Мод үржүүлэг
  • Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар
  • Үйлчилгээний орон сууц гэсэн зориулалттай ажээ.

Тухайлбал, 2024 оны 12 дугаар сарын 30-нд л гэхэд хоёр захирамжаар 183 га бүхий 7 газрыг олгох эрхийг баталгаажуулжээ. 2025 оны 12 дугаар сарын 4-нд 108 га газар олгохыг зөвшөөрсөн ба эдгээр нь бүгд СХД-т байрлалтай байгаа юм.

Олгосон газруудаас гурав нь Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хороо байна. Наймдугаар хороо нь 19-ийн үйлчилгээний төв орчим, Наадамчдын зам дагуу байрладаг бүс буюу Home Plaza, River Garden орчмын бүс бол 8 дугаар хороо нь Яармаг орчим юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн төвийн бүсэд 48 га газар олгожээ. Үүнээс 40 га нь мод үржүүлгийн зориулалттай бол бусад нь Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар, Үйлчилгээний орон сууц гэсэн зориулалттай ажээ.

 

Газрын хилийн зураг

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд өнөөдөр зах зээлийн ханшаар 1 га газар нь 1.1 орчим тэрбум төгрөгийн үнэтэй байгааг зарын сайтуудаас харж болно.

Тиймээс ямар хүмүүст ийм байршилд газар олгосныг нягталж үзвэл:

 

Иргэдийн газар эзэмших хүсэлтийг жил бүрийн нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цаасан болон цахим хэлбэрээр авдаг. 2023 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү зохицуулалтаар egazar.gov.mn сайтаар ийнхүү хүсэлтийг авах болсон.

Улаанбаатар хотын иргэдэд шинээр газар өмчлүүлэх асуудлыг цахимаар шийдэх болсон нь НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоос эхтэй.

Уг тогтоолоор 52 байршлын 15,309 га газарт газар өмчлүүлэхээр болж, 2014-2016 онд цахим хэлбэрээр хэрэгжүүлсэн байдаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх хугацаанд 66 мянга гаруй иргэн ойролцоогоор 7017 га газар олгосноос 26 орчим мянган хүн 5000 орчим га газрыг цахимаар газраа өмчилсөн судалгаа байна. 2018-2020 онд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 11,851 иргэний газар эзэмших эрхийг эзэмшигчид рүү шилжүүлсэн гэсэн тоо мөн байгаа юм.

Харин Д.Сумъяабазар хотын дарга болсныхоо дараа буюу 2021 оны есдүгээр сарын 27-ны  Шуурхай зөвлөгөөний үеэрээ иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэсэн байр суурийг анх илэрхийлсэн байдаг. Энэ нь төвлөрлийг сааруулж, газар зохион байгуулалтыг сайжруулах зорилготой байв. Энэ санаачилга Х.Нямбаатар даргын үед ийнхүү хэрэгжиж, иргэдэд өмлөх газрыг зогсоосон байдаг.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Батжавхлан өнгөрсөн нэгдүгээр сард Ньюс.мн сайтад өгсөн яриандаа “Энэ онд газар эзэмших хүсэлт өгсөн иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ. Налайх, Багануур, Багахангай зэрэг алслагдсан гурван дүүрэгт газар олгоно. Харин бусад дүүргүүдэд шинээр суурьшлын бүс байгуулах төлөвлөгөө тусгагдаагүй тул хүсэлтүүд хараахан шийдвэрлэгдээгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд, мөн Газрын тухай хуульд заасны дагуу иргэд аль ч дүүрэг, хороонд зориулалтаа тодорхойлон цахимаар хүсэлт илгээх боломжтой. Олгохыг хориглосон зохицуулалт байхгүй. Нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан эхний ээлжид алслагдсан дүүргүүдэд газар олгож байна. Мөн газар олголтын системийн тухайд арванхоёрдугаар сард иргэдийн хандалт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор газар олголтын системд доголдол үүсэж, удаашрах, гацах асуудал гарсан” хэмээн тайлбарлажээ.

2003-2025 оныг хүртэл 22 жилийн хугацаанд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт 213,209 иргэнд 11,375.8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.  

ГЗБГЗЗЕГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Тэргүүнцэцэгийн хэвлэлд өгсөн яриагаар “Засгийн газар 2025 онд улсын хэмжээнд нийт 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэхээр баталсан. Гэвч энэ оны 10 дугаар сарын байдлаар тус тогтоолын хэрэгжилт 11 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин энэ онд Засгийн газрын 3 удаагийн тогтоолоор 28 мянга гаруй байршилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулахаар баталсан байна. Тус тогтоолын хэрэгжилт энэ оны 10 дугаар сарын байдлаар 14.5 хувь байна” гэсэн байна.

Шударга бус байдалд нуруугаа авхуулж буй монголчууд албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудыг үзэн ядаж, залхан жигшиж байна. Гэтэл ийм үйлдэл гаргасан дарга нарын тоо нэмэгдсээр, үйлдэл л ил болсоор байгаагийн нэг нь энэ. Нэгэнт нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотынхоо төвлөрлийг сааруулж, дахин төлөвлөж, зураг зүйг шинэчлэхээр шийдсэн бол, дүүргүүдийн Засаг дарга нарын газар олгох эрхийг зогсоосон бол энэ шийдвэртээ өөрөө ч үнэнч байх учиртай. Гэтэл иргэдэд газар олгох процессыг нэг гараараа зогсоочхоод нөгөө гараараа хэдэн арван га-гаар нь газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь зүйд нийцэхгүй билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe