2023 онд эхэлж 26 тэрбум төгрөг зарцуулсан RFID буюу цахим гэрчилгээ олгох ажил юу болов?

.Graph
2026-03-02

2023 онд олон асуудлыг дагуулж, дүрэмд захирагдах дургүй монголчуудын дургүйцлийг хүргэн барин эхэлсэн RFID буюу автомашинд цахим гэрчилгээ олгох ажил өнөөдрийг болтол хэрэгжиж эхлээгүй байна. Уг нь 2025 онд ашиглалтад оруулна хэмээн ярьж байв. Энэ технологийг Д.Сумъяабазар хотын дарга, Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга байх үедээ эхлүүлж байсан. Замын хөдөлгөөний зөрчлийг автомашин дээр суурилуулсан QR кодоор илрүүлэх, цаасан автомашины гэрчилгээг цахимжуулах, түгжрэлийг бууруулах байх зорилготой эхлүүлсэн байдаг.

Хоёр засаг дарга дамжсан энэ ажил хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч туршилтаасаа хэтэрч чадаагүй л явна. Зам тээврийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан яг нэг жилийн өмнө Dobu.mn сайтад ингэж ярилцлага өгч байжээ.

“Одоогийн байдлаар 480 мянга орчим тээврийн хэрэгсэлд QR код наагаад байна. Дэд бүтцийн ажил нийслэлд бүрэн хийгдээд дуусчихсан. 161 уулзварын 455 цэгт RFID уншигч суурилуулаад байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой ажил ямар нэгэн байдлаар хойшлохгүй бол 2025 ондоо бүрэн ашиглалтад оруулна”

2025 он өнгөрөөд 2026 он эхлээд эхний улирал дуусаж байдаг. Гэвч бүх зүйл хэвээрээ RFID гэдэг дөрвөн үсэгт нийслэлчүүд бид хэдэн арван тэрбум төгрөг зарцуулчхаад сууж байна.

13 тэрбум төгрөгөөр дэд бүтцээ шийдээд дахин 13 тэрбум төгрөгөөр автомашинуудад цахим гэрчилгээ суурилуулах ажил хийгдэж байсан.

Хагас дутуу хийгдсэн RFID ажлын дэд бүтцийг AI хяналтын систем ашиглаж байна.

ЗХУТ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: RFID системийн дэд бүтцийг AI хяналтын системд ашиглаж байгаа. AI хяналтын системийг ашиглахаар шинээр 2600 орчим камер суурилуулсан.

Уг нь RFID суурилуулах болон оруулж ирэх ажлын тендерт “Бодь-Электроникс” компани шалгараад гэрээгээ хийгээд мөнгөө авчихсан. Гэтэл QR наах ажлыг нь Авто тээврийн үндэсний төв хариуцаад явж байгаа гэх.

RFID систем нь ашиглалтад оролгүй дуншиж байтал энэ оноос эхлэн AI хяналтын систем ажиллаад эхэлчихсэн. Мэдээж тусдаа төсөвтэй, тусдаа ажил. Х.Нямбатаар даргад өмнөх даргын ажил таалагдсангүй юу эсвэл судлаачдын хэлж буйгаар RFID хоцрогдсон систем байсан уу. Ямартай ч дэд бүтцээ тавиад хэдэн арван тэрбум зарцуулчихсан ажлыг алгасаад AI хяналтын системийг хэрэгжүүлж эхэлсэн нь нийслэлчүүд бидэнд AI хяналтын системтэйгээ цааш үргэлжлээд явах юм уу, эсвэл RFID, AI гэсэн хоёр хяналтын системтэй явах юм уу, бүр эсвэл RFID гэх ажил ингээд замхраад алга болох уу гэх ойлгомжгүй байдал үүсэж байна. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe