АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны өгсөн Эпштейнтэй холбоотой асуудлаарх мэдүүлэг олон нийтэд дэлгэгдлээ

.Graph
2026-03-03

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр Хиллари Клинтон өнгөрсөн долоо хоногт Конгрессын хяналтын хорооны гишүүдэд Жеффри Эпштейнтэй холбоотой асуудлаар хаалттай мэдүүлэг өгсөн. Өнөөдөр буюу даваа гарагт тэдний өгсөн мэдүүлгийн дүрсийг олон нийтэд ил болгосон юм. 

Мэдүүлгийн үеэр Клинтоноос Хууль зүйн яамнаас дэлгэсэн Эпштейний баримтуудад багтсан түүний усан санд буй зургийн талаар тодруулахад, “Тухайн үед маш удаан хугацаанд үргэлжилсэн Азийн аялал дуусахад Брунейд байсан үеийн зураг шиг санагдаж байна. Би Султаныг сайн мэддэг байсан. Тэр надаас зочид буудалд үлдэхийг хүсэж, халуун ваннд ороорой гэсэн. Би таван минут тэнд хэвтээд орондоо орохоор явсан” гэжээ.

Зурагт харагдаж буй нүүрийг нь дарсан түүнтэй хамт байгаа хүнийг хэн болох талаар асуухад Клинтон “Би хэн болохыг нь мэдэхгүй” гэжээ. Мөн хяналтын хорооны гишүүн түүнээс тэр шөнө эсвэл тухайн усан санд тэнд байсан хүнтэй бэлгийн харилцаанд орсон эсэхийг тодруулахад, “үгүй” гэж хариулсан байна.

Хэдийгээр Билл Клинтон тухайн зургийг Брунейд байсан үеийн зураг гэж тайлбарласан ч бусад дэлгэгдсэн зургуудад ижил газар Эпштейн болон түүний найз бүсгүй байсан Гислейн Максвеллтэй хамт байгаа зургууд байсан юм. 

Мэдүүлгийн үеэр түүнээс одоо хоригдож байгаа Гислейн Максвеллын талаар асуухад түүнийг “Түүнийг баривчлагдсаныг сонсоход надад хэцүү байсан. Би түүнтэй найрсаг харилцаатай байсан” гэв.

Харин Трампын тухайд тэрээр, “2002 эсвэл 2003 онд Трамптай Эпштейны талаар ярихад тэр ‘бид олон жилийн турш хамтдаа сайхан цагийг өнгөрүүлсэн ч үл хөдлөх хөрөнгийн нэг наймаанаас болоод муудалцсан’ гэж надад ярьсан” хэмээн мэдүүлжээ. Мөн Трамп Эпштейнтэй найз байсан цаг хугацааныхаа талаар дэлгэрэнгүй ярьсан эсэхийг асуухад, “Трампын ярианд ямар ч бэлгийн чиг хандлагатай зүйл байгаагүй” гэжээ.

Билл Клинто бол АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч юм. Тэрбээр, 1993-2001 оны хооронд тус албан тушаалд суусан байдаг.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe